2023 оны дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн үзүүлэлтээс 1.4 хэмээр дулаан байгаа нь тогтоогджээ. Энэ нь 2023 он дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан жил болж бүртгэгдэж байгааг дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлжээ.
Дэлхийн цаг уурын байгууллагаас нийтэлсэн “Уур амьсгалын төлөв байдлын" тайланд өгүүлснээр 2016 онд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн үзүүлэлтээс 1.2 градусаар дулаан байсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна. Харин энэ жил аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу 1850-1900 оны үеийн үзүүлэлтээс 1.4 градусаар дулаан байгаа нь дээд үзүүлэлтийг ахин шинэчлэх төлөвтэй байна.
Энэ нь Дубай хотноо эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм. Дэлхийн удирдагчид бага хурлаар чулуужсан түлшийг хязгаарлах эсвэл технологийн шийдэл гаргаж нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд дорвитой шийдэл гаргахаас өөр аргагүйд хүргэж байгаа юм.
Пүрэв гарагт “Сор-28” хурлыг нээж Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Моххамед Бин Заид "Хүлэмжийн хийн хэмжээ, дэлхийн агаарын дундаж температур, далайн түвшин, антарктидын далайн мөсний түвшин зэрэг дээд түвшин, үзүүлэлтдээ хүрээд байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд шийдвэрлэх арга хэмжээнүүдийг яаралтай хэрэгжүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа” гэдгийг хэлсэн байна.
Харин чулуужсан түлш буюу нүүрс, байгалийн хий, газрын тосны олборлолтыг бууруулж, тэдгээрийг шатааж байгаагаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь хэт халалт, шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамжийг улам нэмэгдүүлж байгааг эрдэмтэд анхааруулжээ.
Түүнчлэн 2023 онд түүхэн дэх хамгийн халуун байснаас гадна “Дунджаас илүү чийглэг” байсан гэж тайланд дурджээ. Энэ жил олон зуун байгалийн гамшигт үзэгдэл дэлхийн олон бүс нутагт тохиож, хэдэн арван саяар тоологдох эрдэнэт хүний амь эрсэдсэн нь баримт болон үлдсэн юм.