ОХУ-ын Зүүн бүс нутгаар дайран өнгөрдөг галт тэргэнд гал тавьсан халдлагыг Украины тусгай албаны ажилтнууд гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Ачааны гал тэргэнд дөрвөн тэсрэх бөмбөг байршуулж, амжилттай дэлбэлснээр, транзит тээвэр саатаж, Оросын нийлүүлэлтийн сүлжээ тасалдахад хүрсэн гэж Оросын дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.
ОХУ-ын Зүүн Сибирийн бүс нутаг, Монгол улстай хиллэдэг Буриадын Байгаль-Амурын төмөр замд дэлбэрэлт болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ. Украины тусгай албаны эх сурвалж ажиллагаа амжилттай болсныг мэдээлсэн ч холбогдох баримтыг дэлгэхээс татгалзсан байна. Харин Өрнөдийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Буриадын газар нутагт дэлбэрэлт гарсан эсэхийг бие даан батлах боломжгүй байгаагаа уламжилжээ.
Үүнээс гадна ОХУ-ын эрх баригчид тэсрэх бөмбөг дэлбэлсэн явдлыг халдлага гэж тодорхойлоогүй төдийгүй галт тэргэнд гал тавьсан эсвэл тэсрэх бөмбөг дэлбэлсэн явдалд Украиныг шууд буруутгахаас татгалзсан байна.
Дизель түлш тээвэрлэж явсан ачааны галт тэргэнд гарсан дэлбэрэлтийн уршгаар хүний амь эрсдээгүй. Харин транзит тээвэр хэдэн цагаар саатаж, нэгтгэл ачаа тээврийн өөр гарцаар явуулж эхэлснээ Оросын хууль тогтоогчид мэдээлжээ. Гарцыг сольсноор галт тэрэг илүү хол замыг туулах хэдий ч нийлүүлэлт саатахгүй гэдгийг эх сурвалжууд онцолсон байна.