Хөндлөнгийн шинжээчид В.Путины хүсэн хүлээсэн мөч ирснийг мэдээлж байна. Учир нь дайны фронтод цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, байлдааны ажиллагаа илүү тактикийн шинж чанартай болсноос гадна Украины дайны асуудлаарх Барууны орнуудын эв нэгдэл суларч эхэлснийг тэд онцолж байна.
Украины урт үргэлжилсэн дайны фронтод цас ихээр орох тусам, нөхцөл байдал хүндэрч, байлдааны ажиллагаа илүү тактикийн шинж чанартай болж, гацаанд орж эхэлжээ. Түүнчлэн Киевийн Засаг захиргааны өндөр ёс суртахууны хэм хэмжээ алдагдаж байгааг шинжээчид хэлж байна. Учир нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленський, армийн ерөнхий командлагч Валерий Залужный нарын хооронд үл ойлголцол үүссэн нь хэдийн ил болоод байна.
Мөн өнгөрсөн 9-р сараас хойш Украины армийн сөрөг давшилт бараг л үр дүнд хүрээгүй бол ОХУ-ын Зэвсэгт хүчин эрхшээлдээ оруулсан газар нутагтаа хориглолтын байрлалд шилжиж, урхи бэлдэж Киевийн сөрөг давшилтыг няцаасаар байна. Нөгөөтэйгүүр Европын Холбооны дийлэнх улсуудад Парламентын сонгууль ойртож, Украины үнэнч холбоотнууд нүүрээ буруулахаас өөр аргагүйд хүрээд байна. Бас Польш, Словак тэргүүтэй улс орнуудын газар тариалан эрхлэгчид Украины хямд өртөгтэй улаан буудай, бараа бүтээгдэхүүн нь дотоодын зах зээлийн өсөлтийг сааруулж, үнийг хямдруулж байгаа явдлыг эрс эсэргүүцэж байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Украинд 60 тэрбум америк.долларын зэр зэвсгийн болон санхүүгийн тусламж үзүүлэх тухай тогтоолд сөрөг хүчин болох Конгрессын Бүгд Найрамдах намын төлөөлөгчид хориг тавиад байна. Жо Байден "Эрх чөлөөний төлөө нүүр буруулсан хүмүүсийг түүх хатуугаар шүүх болно" гэдгийг хатуу анхааруулж, “В.Путинд бууж өгөхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй” -г онцолсон байна. Украиныг тойрсон ээдрээтэй байдал нь В.Путины хүссэн зүйлс төдийгүй Өрнөдийн улсуудын талцал, үл ойлголцол, эрч хүчийг сааруулах нь түүний гол зорилго байсан гэж шинжээчид үзэж байна. Мөн авторитар удирдагчийн засаглалд хамгийн ноцтой сорилтыг учруулсан Евгений Пригожин онгоцны ослоор нас барж, Вагнер-ын бусад шилдэг агентууд учир битүүлэг шалтгаанаар амиа алдсаар байгаа нь В.Путин зорилгодоо хүрэх мастер төлөвлөгөөгүй биелүүлсэн байж магадгүй байна.
Гэхдээ АНУ тэргүүтэй Өрнөдийнхөн Украиныг Кремльд тийм ч амар тавьж өгөхгүй байх цор ганц шалтгаантайг судлаачид онцолж байна. Энэ нь хэрэв ОХУ-ын Зэвсэгт хүчин Украиныг бүрэн эрхшээлдээ оруулбал хэтдээ нато, ОХУ-ын хооронд шууд мөргөлдөөн, гарах өндөр эрсдэл бий болно. Өрнөдийнхөн стратегийн давуу талаа алдах нөхцөл байдалд хүрэхийг хэлж байна.