АНУ-ын Орегон мужийн Салем хотод жилд 10 мянган хүн дүрст робот үйлдвэрлэх хүчин чадалтай анхны үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн болжээ. Робот үйлдвэрлэгчид Амазон тэргүүтэй үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн ажиллах хүчний нөөцийг хангах зорилготой гэж хэвлэлд ярьсан байна.
“Agility Robotics” компани салбарын өрсөлдөгч нартайгаа харьцуулахад илүү уян хатан, дэвшилтэт технологийн шийдлийг агуулсан роботуудыг бөөнөөр үйлдвэрлэх анхны томоохон үйлдвэрийг нээхээр зориг шулуудсан байна. Саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 оноос эхлэн хүн дүрст роботуудыг олноор нь үйлдвэрлэх зорилтоо зарласан нь энэ салбарын өрсөлдөөн ширүүссэнийг илтгэж байгаа юм.
Тэгвэл “Agility Robotics” компани ирэх оны эхээр үйлдвэрээ албан ёсоор нээхээр төлөвлөж байгаа төдийгүй энэ нь "Дэлхийн анхны зориулалтын хүн дүрст роботын үйлдвэр" болно гэдгийг удирдлагууд нь мэдээлсэн байна. Зохион бүтээгчид хүн дүрст роботуудын үйлдлийн систем, бүтцийг эхний байдлаар бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, зөөх, шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхэд зориулагдсан байдлаар бүтээхээ мэдэгджээ. Харин дараагаар нь илүү нарийн төвөгтэй үйлдлийг хийж гүйцэтгэх чадамжтай болгох хэтийн төлөвлөгөөтэй байна.
Digit хэмээн нэрлэсэн роботын захиалгын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд агуулахын ажилд зориулагдсан роботыг анх удаа хэрэглээнд нэвтрүүлж байгаа гэдгээрээ онцлог байна. Үйлдвэр нь Орегон мужийн Салем хотод байрладаг бөгөөд 70,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий robofab байгууламж руу тоног төхөөрөмжөө шилжүүлж эхэлснээ компанийн зүгээс мэдээлсэн байна. Зохион бүтээгчид жилд 10 мянган робот үйлдвэрлэх бөгөөд 2024 оноос зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.
300 килограмм хүртэлх жинтэй бараа бүтээгдэхүүний тавцангаас тавцан руу, эсвэл агуулахаас түгээлтийн зам руу зөөж тээвэрлэх роботуудын, дэлхийн хамгийн тэнцвэртэй, инженерийн шийдлийг агуулсан төхөөрөмжөөр нэрлэгдэж байгаа юм. Agility компанийн зохион бүтээгчид инженерийн сорилт болсон тэнцвэрийн асуудлыг шийдвэрлэж чадсанаа онцолж байна. Тэд хүмүүстэй зэрэгцэн аюулгүй ажиллахын тулд хамгийн төгс программын шийдлийг бас агуулжээ.