Хяналт шалгалтаар компаниуд тендерийн зөрчилтэй худалдан авалт хийж ихээхэн хэмжээний төсвөөр шагнал урамшуулал олгосон зэрэг зөрчлүүд илэрсэн

Нүүрсний хэргийн анхан шатны сонсол дөрвөн өдөр үргэлжилсэн. Энэхүү сонсголоор дарааллын дагуу дөрвөн сэдвийн хүрээнд 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгалтын тайланг сонсож, гэрчүүдтэй хэлэлцсэн байна.

Эхний удаагийн нүүрсний хэргийн сонсголоор төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судалсан. Дөрвөн өдрийн сонсголд нийт давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 80.4 хувь нь  гэрчээр  оролцсон байна.

Нүүрсний хэргийн сонсголын эхний өдөр 2023-12-04 жижиг "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтын шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, гэрчүүдээс тайлбар мэдээлэл авсан

"Тавантолгой ХК"-ийн ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 онд 1.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ нүүрсний сонсголын шинжээчдийн дүгнэлтээр орон нутгийн өмчит “Тавантолгой ХК”-ийн ТУЗ-ийн гишүүн, ерөнхий нягтлан бодогчид 2009-2015 онуудад буцалтгүй тусламж олгосон нь тогтоогдсон. Тухайлбал ТУЗ-ийн дарга асан Н.Наранбаатар, Б.Түвшинбаярт нарт автомашин бэлэглэж байсан нь шалгалтаар илэрсэн юм.

Сонсголын 2 дахь өдөр буюу 12-05  газар олголт “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаа “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ” сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонссон.Энэ өдөр олны анхаарлыг татсан асуудал нь Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт гадаадын аж ахуй нэгжид газар олгосон нь ил болж, Хууль зүйн дотоод хэргийн сайд АТГ-т хандаж, Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх зэрэг арга хэмжээг авахаар болсон юм.

Сонсголын 3 дахь өдөр 12-06 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой 8 асуудлын хүрээнд хэлэлцсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг сонсголд оролцох хүсэлтээ захидлаар илэрхийлсэн ч цагдан хоригдож байгаа учир боломжгүй талаар хянан шалгах хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдсэн. Мөн шинжээчийн тайлангаар ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УЕП асан Д.Дорлигжав нар “Женералтек ХХК”-аар дамжуулан орон нутгийн “Тавантолгойн” нүүрсний хэрэгт холбогдсоныг мэдээлсэн. 

Сонсголын 4 дэх өдөр буюу 12-07  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцсэн. Тендерт шалгарсан  “Элгэн” ХХК, “Алс”  групп, “Хуа Еэ Интернэшнл” зэрэг аж ахуй нэгжүүд . Тендерийн зөрчилтэй, гэрээ байгуулаагүй, холбогдох хууль дүрмийг зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Мөн З.Энхболд, А.Гансүх, Д.Гэрэл, Х.Баттулга, Ш.Адьшаа нарын хамаарал бүхий хүмүүсийн байгуулсан түншлэл 800 тэрбум төгрөгийн хөрс хуулалтын тендер авсан талаар шинжээч мэдээлсэн. Ийнхүү нүүрсний хэргийн эхний шатны сонсгол өндөрлөсөн юм. Харин 2 дахь шатны сонсгол энэ сарын 18-22 өдрүүдэд зохион байгуулагдана. Тус сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлахаар болсон юм.