Өнгөрөгч Баасан гаргийн УИХ-ын Чуулганаар гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, тэднийг асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоог бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах заалт бүхий хууль юм байна.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг баталснаар асран хамгаалагч дараах эрх үүрэгтэй болж байна. Хуулийн онцлох заалтуудаас дурдвал:
- Хуульд асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,
- Гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх, нохой муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх,
- Олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах,
- Өөрийн гэрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалалтад авах зэрэг үүрэг хүлээнэ.
- Бусдын эрхийг зөрчихгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг асран хамгаалах
- Гэрийн тэжээвэр амьтан тэжээснийхээ төлөө аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх,
- Хуульд заасны дагуу олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих,
- Гэрийн тэжээвэр амьтны амь нас, эрүүл мэндэд бусдын учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах зэрэг эрхтэй болж байна.
Энэхүү хуулийн төсөл нь ирэх оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна.