Монгол улсын Засгийн газраас улсын эдийн засгийг солонгоруулах зорилт тавиад байгаагийн нэгэн томоохон төлөвлөгөө нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Улмаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарыг тодорхойлж тэр дундаа тэргүүлэх 6 чиглэлийг зарлан, тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь кино дуу, дүрсний урлаг.
Хархорум Олон улсын кино наадам 12-р сарын 7-оос 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 15 улсын 22 киноны 45 удаагийн кино үзвэрийг толилуулахаар төлөвлөжээ. Эдгээр кинонд Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг уран бүтээл багтжээ. Эдгээр киног Шангрила "Өргөө" кино театрт үнэ төлбөргүйгээр гаргах юм байна.
Харин наадмын уралдаант хэсэгт 9 орны 14 кино өрсөлдөж
- Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино
- Шилдэг баримтат кино
- Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл гэсэн 3 төрөлд алтан цомыг гардуулахаар болжээ.
Энэ нь дотоодын кино гадны кинотой нэг тавцанд өрсөлдөх анхны олон улсын кино наадам болж байгаа юм.
Мөн наадмын өдрүүдэд уран бүтээлч болон кино сонирхогчдод зориулсан мастер класс, сургалт, форум үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм байна. Кино үзвэрийн тасалбар авах болон бусад үйл ажиллагаанд оролцохын тулд kharkhorum-iff.com сайтад хандан бүртгүүлэх боломжтой.