Охид, эмэгтэйчүүдийн шинэ жилийн баярын цэнгүүнд нэг эмэгтэй дунджаар 700.000 төгрөгийг зарцуулж оролцож байна. Энэхүү тооцооллыг хийхдээ санамсаргүйгээр 10 салоныг сонгон дунджаар бодсон юм.
Гоёлын нүүр будалт хамгийн багадаа 40.000 төгрөг хамгийн ихдээ 200.000 орчим төгрөг байна. Харин гоёлын үс ороолт, шуулт зэргийг 30.000-100.000 орчим төгрөгөөр хийж байгаа юм. Харин хумс будалт болон сормуус хийлгэхэд газрын байршил, артистын ур чадвар, ажилсан туршлага зэргээс хамаараад өөр өөр үнийн дүнтэй байгаа ч хумс будалтын хувьд 30.000-70.000 төгрөг байгаа бол сормуус хийлгэхдээ 35.000-90.000 төгрөг зарцуулдаг байна.
Мэдээж баяр ёслол, цэнгүүнийг гоёлын даашинз, өсгийтгүйгээр төсөөлшгүй. Загвар, хийц үнийн хувьд өөр байгаа учир гоёлын даашинзыг 300.000 орчим төгрөг харин гоёлын өсгийт туфлийг 100.000 төгрөгөөр худалдан авна гэж бодвол охид эмэгтэйчүүд нэг шинэ жилийн баярын цэнгүүнд ороход хамгийн багадаа дунджаар ийнхүү 500.000 гаруй төгрөг харин хамгийн ихдээ 900.000 орчим төгрөгийг зарцуулж байгаа юм. Дунджаар 700.00 төгрөгийг шинэ жилд орохдоо зарцуулж байна.
Үүн дээр ээмэг, зүүлт гээд зэрэг бусад зардал нэмэгдэнэ гэж бодвол үүнээс илүү төсөв гарч ирнэ гэсэн үг юм.
Шинэ жилд орох нэг эмэгтэйн төсөв болон тэдний сарын дундаж цалинг харьцуулбал ҮСХ-оос гаргасан судалгаагаар эмэгтэйчүүдийн дундаж цалин 2023 оны 2-р улирлын байдлаар 1.700.000 орчим төгрөг байгаа юм. Харин шинэ жилд орох төсвийг дунджаар 700.000 төгрөг гэж авч үзвэл эмэгтэйчүүд сарын цалингийнхаа 41 орчим хувийг зарцуулж байна.