Хэрэв та долоо хоногийн нэг өдрийг залхуурч ямар нэгэн зүйл хийлгүй өнгөрөөсөндөө өөрийгөө буруутгадаг бол санаа зовох хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна
Хэрэв та долоо хоногийн нэг өдрийг залхуурч ямар нэгэн зүйл хийлгүй өнгөрөөсөндөө өөрийгөө буруутгадаг бол санаа зовох хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Долоо хоногийн нэг өдөр завгүй шахуу хуваариасаа татгалзаж, залхууран хэвтэх нь таны бүтээмж, аз жаргалтай байдал, сэтгэцийн эрүүл мэнд, стресс, цусны даралтад сайнаар нөлөөлөх болно гэдгийг олон удаагийн судалгаагаар тогтоосон байна.

Хамгийн түрүүнд "Залхуу өдөр"-ийн тухай тайлбарлах хэрэгтэй гэж судлаачид хэлж байна. Залхуу өдөр гэдэгт өөртөө цаг зав гаргах, хийх зүйлсийн жагсаалтад багтсан ажил, төлөвлөгөө зэргийг хойшлуулах, ажилтай холбоотой цахим шууданг шалгахгүй байх, ажлын дуудлагад хариу өгөхгүй байх явдал зэргийг багтаахыг хэлж байгаа юм. Өдөржин унтлагын хувцастай гэртээ амрах, өөрийн дуртай зүйлсээ хийх, жишээлбэл дуртай шоугаа бүтэн өдөржин үзэх, цэцэг тарих, илчлэгийн талаар санаа зовохгүйгээр амттай хоол идэх зэргээр амьдралаас авч болох хамгийн энгийн таашаалыг эдлэх тухай ярьж байгаа юм.

ОУ-ын тэргүүлэх сэтгэл судлаачид, биохакерууд хүн төрөлхтний насыг уртасгах, биологийн үйл ажиллагааг сайжруулахын тулд хэдэн зуун судалгаа хийж, олон арга замуудыг нээн илрүүлжээ. Хүн амрах өдрөө сонгохгүй бол таны бие физиологи үүнийг таны өмнөөс шийддэг болохыг онцлоод үүнийг хүлээн зөвшөөрч өөртөө амралт өгөх чадвартай болох нь бүтээмжтэй байх, эрүүл саруул аж төрөхийн үндэс суурь, гол зарчим гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн мэргэжилтнүүд бүтээмж гэдгийг зөвхөн ажил мэргэжилтэй холбон тайлбарладаг нь өрөөсгөл гэдгийг дурдаад энэ нь зорилгодоо хүрэхийн тулд сонголт хийх явдал юм гэдгийг онцолжээ. Өдрийг залхуурч өнгөрөөх нь нэг талаас эрч хүчээ нөхөх явдал гэж тэд үзэж байна. Нэгэнт хүн 7 хоногийн 24 цаг зогсолтгүй ажилладаг байхаар бүтээгдээгүй болохоор үүнийгээ мартахгүй байх нь хамгийн чухал. Мөн долоо хоногийн нэг өдрийг ийм зарчмаар өнгөрөөж сурвал ажил амьдралын тэнцвэрийг хадгалж, урт хугацаандаа үр дүнтэй ажиллах боломж олгоно гэдгийг тэд онцолж байна.

2012 оноос хойш судлаачид голдуу 20-35 насны 5000 орчим хүнд долоо хоногийн нэг өдрийг дээр дурдсанчлан залхуу өдөр болгон өнгөрүүлэх санал тавьж, ажил амьдралын өсөлтийг нь завгүй амьдралын хэв маягтай хүмүүсийнхтэй харьцуулсан байна. 8-10 жилийн хугацаанд явуулсан судалгаа, ажиглалтын үр дүнд долоо хоногийн нэг өдрийг зөвхөн өөртөө зарцуулдаг, залхуу өдрийг хэрэгжүүлдэг хүмүүсийн орлого нь нэмэгдэж, бүтээмж нь сайжирч, ажил мэргэжлийн хувьд ч ахин дэвшсэн төдийгүй эрүүл мэндийн хувьд завгүй амьдралын хэв маягтай хүмүүстэй харьцуулахад илүү тогтвортой буюу эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авсан давтамж нь бага байжээ.