Израил, Хамас-ын байгуулсан эвлэрлийн гэрээ албан ёсоор дуусгавар болоод гурван хоног өнгөрч байна. Тэгвэл эвлэрлийн гэрээ дуусгавар болсноос хойш Израилын зэвсэгт хүчин гурван өдрийн турш Анклавын хойгийг бөмбөгдсөний эцэст явган цэргүүдээ Газын зурвасын өмнөд бүс нутаг руу нэвтрүүлжээ.
Явган цэргүүд Газа хотын өмнөд бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн бол Израилын танкны цуваа мөн газын зурваст нэвтэрснийг өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ. Харин өнөөдөр Израилын Батлан хамгаалахын сайд явган цэргүүд газын зурвасын өмнөд бүс нутагт үр дүнтэй бөгөөд нягт тулааныг хийж байгааг мэдэгджээ.
Түүнчлэн Израилын эрх баригчид мөргөлдөөн эхэлснээс хойших хамгийн том хуурай газрын цэргийн ажиллагаа явуулж байгааг онцлоод газын зурвасын оршин суугчдыг аюулгүй бүс нутагт шилжин суурьшихыг анхааруулсан байна.
Долоо хоногийн турш үргэлжилсэн гал зогсоох хэлэлцээр энэ сарын 1-ны өдөр дуусгавар болсноос хойш Израилын зэвсэгт хүчин өргөн хүрээг хамруулсан пуужингийн довтолгоогоо эрчимжүүлж, дэлбэрэлтийн чимээ дахин сонстож, аюулын түгшүүр эргэн нүүрлэсэн юм.
Долоо хоног үргэлжилсэн эвлэрлийн гэрээний хүрээнд Хамас-ын барьцаанаас нийт 110 хүн суллагдсан бол Израилын Засгийн газар Палестины 240 хоригдлыг чөлөөлсөн байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш газын зурвасын 15 мянга гаруй оршин суугч амь үрэгдсэн гэж Палестины талаас мэдээлжээ.
Израилын Батлан хамгаалахын сайд Хамас зэвсэгт байгууллагын удирдлагууд, албан тушаалтнууд газын зурвасын өмнөд хэсэгт орогнож байгаа гэж таамаглаж байгаа тул ийнхүү цэргүүдээ тийш нь илгээсэн байна.