Шинээр байгуулагдсан УИХ-ын Нүүрсний Хэргийн Хянан шалгах түр хороо өнгөрөгч 7 хоногт хуралдаж нүүрсний хэргийн сонсголыг 2 шаттайгаар явуулахаар тогтсоны дагуу эхний шатны сонсгол өчигдөр эхэллээ. Эхний удаагийн сонсголоор жижиг “Тавантолгой” компанийн нүүрс олборлолт, экспорттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах хүрээнд хэлэлцэж байгаа юм. Өчигдөр нийт 22 иргэнийг гэрчээр дуудсанаас 12 гэрч сонсголд оролцсон байна.
Сонсголын эхэнд шинжээч тус компанийн ТУЗ-ийн тогтоол болон мөнгөн гүйлгээний журналыг хянаж үзсэн талаар танилцуулсан түүний мэдээлж буйгаар, ТУЗ-ийн гишүүн болон ерөнхий нягтлан бодогчид дараах хүмүүст буцалтгүй тусламж олгожээ.
Тодруулбал:
- 2009 онд ТУЗ-ийн дарга Н.Наранбаатар – Ланд-105 автомашин,
- 2010 онд ТУЗ-ийн гишүүн С.Сумъяа- эмчилгээний зардал 43.6 сая төгрөг,
- 2013 онд ТУЗ-ийн гишүүн А.Жаргалсайхан – 35 мянган ам.доллар,
- 2013 онд ТУЗ-ийн гишүүн Г.Цог-Өрнөх – 36 мянган ам.доллар,
- 2014 онд Ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг – 25 мянган ам.доллар,
- 2014 онд ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд – 35 сая төгрөг,
- 2014 онд ТУЗ-ийн гишүүн А.Идэрцогт– 25 сая төгрөг,
- 2015 онд ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр – “Lexus-570” автомашин олгосон байна.
Мөн тус компани нь сүүлийн 8 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчдэдээ 170.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжүүлсэн байна. “Тавантолгой” компанийн хувьцааны 51 хувийг Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал эзэмшдэг бол, 19,78 хувийг ажнайн Бат-Эрдэнэ, 16,31 хувийг Шандас Импекс компани, 12.91 хувь нь бусад гэж ангилагддаг байна.
Хянан Шалгах хорооны ажлын хэсгээс таван толгой компанид шинжээч ажиллахад архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцдэггүй зэрэг нь шалгалтын ажиллагаанд хүндрэл учруулжээ. Түүнчлэн 2011-2014 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан холбогдох байгууллагуудад хадгалагдаагүй байна.
Ийнхүү эхний өдрийн сонсгол 18 цаг хүртэл үргэлжиллээ. Эхний шатны сонсгол дөрвөн өдрийн турш зохион байгуулагдана.