Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, “Кино гүүр хөгжлийн холбоо” тбб-тай хамтран “Хархорум” Олон улсын наадмыг энэ оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг болох гэж байна. Тус наадмаар Монголдоо анх удаа дотоодын киног гадаадын уран бүтээлтэй хамт нэг дор өрсөлдүүлэхээрээ онцлог болно гэж үзэж байна. Ингэснээр цаашид Олон улсын уран бүтээлчид манай улсыг зорих, тэдэнтэй хамтран ажиллах, дотоодын кино уран бүтээлчдийг чадавхжуулах зэрэг олон давуу тал үүснэ гэж зохион байгуулагчид мэдээлжээ.
Манай улсад олон улсын гэх тодотголтой 2-3 кино наадам жил бүр зохиогддог. Гэсэн ч эдгээр наадмууд бусад улсаас ирж байгаа киног үзвэрийн хэсэгт гаргаж, харин зөвхөн дотоодын кино бүтээлийг хооронд нь өрсөлдүүлж шилдгүүдийг тодруулдаг. Тэгвэл “Хархорум” Олон улсын кино наадам нь Монголдоо анх удаа олон улсын кино уран бүтээлтэй дотоодын кино хамт өрсөлдөж, шилдгүүдийг тодруулах юм байна. Мөн жил бүр өөр сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд анхны жилдээ нүб-ийн хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийг ойг тохиолдуулан “Хүний эрх” гэсэн сэдвийг сонгожээ.
“Хархорум” Олон улсын кино наадам 12-р сарын 7-оос 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 15 улсын 22 киноны 45 удаагийн кино үзвэрийг толилуулахаар төлөвлөжээ. Эдгээр кинонд Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг уран бүтээл багтжээ. Харин наадмын уралдаант хэсэгт 9 орны 14 кино өрсөлдөж
- Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино
- Шилдэг баримтат кино
- Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл гэсэн 3 төрөлд алтан цомыг гардуулахаар болжээ.
Тус наадам Монголын кино бүтээл болон уран бүтээлчдийг дэлхийд таниулах, чадавхжуулах, кино урлагаар дамжуулан Монгол улсын эдийн засагт орох хөрөнгө оруулалтыг дэмжиж, мэргэжлийн кино урлаг болон бизнесийн олон улсын түвшинд хүрч ажиллах зорилготой байна. Мөн алсдаа дэлхийн өнцөг булан бүрээс кино бүтээгчид нэг дор цугладаг томоохон наадам болгохоор зорьжээ.
Наадмын хүрээнд уралдаант, уралдаант бус хэсэг болон гала хэсгийн кино үзвэр, нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, уран бүтээлчдэд зориулсан мастер класс, сургалтууд, форум зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна. Харин ирэх жилээс эхлэн жил бүрийн 11-р сард тодорхой сэдвийн дор “Хархорум” Олон улсын кино наадмыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.