Олон төрлийн авьяастнуудыг нэг тайзнаа цуглуулдаг “Авьяаслаг Монголчууд 2023” шоу нэвтрүүлгийн 4-р улирлын ялагчид болох Ж.Наранчимэг, Н.Хасар нар 100 сая төгрөгийн шагналаа өнөөдөр гардан авлаа. Ээж, хүү хоёрын бүжгийн хамтралын үзүүлбэр нь дуу болон хөдөлгөөнөөр дамжуулан тэдний дотоод сэтгэлийг харуулахыг зорьсон нь ийнхүү үзэгчдийн олонхын саналыг авч ялагч болоход нөлөөлсөн гэж тэд ярьсан байна.
Анх 2015 онд Монголд “Got Talent” нэвтрүүлгийг нэвтрүүлж, зохион байгуулсан байдаг. Үүнээс хойш 2016, 2018 онуудад зохион байгуулагдаж 5 жил завсарласны дараа энэ жил ахин “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болж өндөрлөлөө. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад үзүүлбэрийн хувьд илүү их төрөлжиж, энэ жил ийнхүү бүжгийн үзүүлбэрээр өрсөлдсөн ээж, хүүгийн хамтрал ялагч болсон юм. Тэдний үзүүлбэрийн гол утга санаа нь өөрсдийн дотоод сэтгэлийг харуулах цаашлаад ганц бие ээжүүд бүх асуудлыг даван туулахад хүүхдүүдийнх нь дэмжлэг хэр их нөлөөлдгийг харуулахыг зорьсон байна. Мөн тэд шагналын сангийн мөнгөөрөө байр худалдан авах энэ нь тэдний амьдралд ихээхэн дэмжлэг болох талаараа илэрхийлж байсан юм. Үүнээс гадна тэдний хувьд бүжгийн хамтарлаа илүү хөгжүүлж, үзэгчдийн итгэлийг цаашид ч алдахгүй гэдгээ амлаж байсан юм.
Энэ жилийн хувьд “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлэг 13 долоо хоногийн турш үзэгчдэд хүрсэн юм. Нийгмийн стресс, бухимдал бүрээс хэсэгхэн ч гэсэн ангижирч амралтын өдөр болгон гэр бүлээрээ Монголчуудын авьяасыг үзэж, биширч, шүүж, эерэг мессежийг авсан өдрүүд болсон байх гэж “Монгол ТВ” телевизийн баг хамт олон илэрхийлж байсан юм.
Дэлхийн 190 гаруй улсад нэвтэрсэн, 500 сая үзэгчидтэй “Got Talent” нэвтрүүлгийг “Монгол ТВ” телевиз 4 дэх удаагаа ийнхүү зохион байгууллаа. Энэ жилийн хувьд Өвөр-Монголоос нэлээдгүй олон оролцогчид авьяасаа сорьсон юм. Мөн тус нэвтрүүлгийн ивээн тэтгэгч байгууллагууддаа баярлаж, талархсанаа телевизийн удирдлагуудын зүгээс илэрхийлж байна.