Олон арван улс оронд өсвөр үеийнхний математик, унших чадварын үзүүлэлт буурч, ноцтой түвшинд хүрснийг эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас танилцуулсан дэлхийн сургалтын стандартын шинэхэн судалгааны тайланд өгүүлжээ. Парис хотод төвтэй эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь 2000 оноос хойш 15 хүртэлх насны хүүхдүүдийн унших болон математик, байгалийн ухааны ур чадварыг тогтоох шалгалтыг гурван жилд нэг удаа явуулж байна. Харин түвшин тогтоох шалгалт, судалгааны хавсарсан ажлыг явуулж эхэлснээс хойших гүйцэтгэлийн хувьд огцом уналтыг өнгөрсөн жил харуулжээ.
Өнгөрсөн жил тус байгууллагаас өөрийн гишүүн болон гишүүн бус 44 орны 700 мянга гаруй сурагчдыг судалгаа, түвшин тогтоох шалгалтдаа хамруулж, боловсролын гүйцэтгэлийг олон улсын хэмжээнд харьцуулсан байна. Хамгийн сүүлд 2018 онд шалгалт хийж байсан үетэй харьцуулахад эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад унших чадвар дунджаар 10 пунктээр, математикийн хувьд 15 пунктээр буурч, жилийн сургалтын хөтөлбөрийн 75 хувьтай тэнцэхүйц алдагдлыг өнгөрсөн хугацаанд амссан гэдгийг онцолжээ. Судалгаанд хамрагдсан 81 орны талаас илүү хувь нь буурсан үзүүлэлттэй байгаа бол Герман, Исланд, Нидерланд, Норвеги, Польшийн математикийн оноо тэр дундаа огцом буурсан гэж тус байгууллагаас мэдээлжээ.
ЭЗХАХБ-ын орнуудад дунджаар 15 настай дөрвөн хүүхэд тутмын нэг нь математик, унших, шинжлэх ухааны хичээлийн хоцрогдолтой, стандарт үзүүлэлтээс доогуур байсан нь тэдгээр хүүхдүүд үндсэн алгоритмуудыг ашиглаж, энгийн текстийг тайлбарлаж чаддаггүй болохыг илтгэж байна.
Цар тахлын үед сургуулиуд хаагдсаны дараа багшийн хүртээмж сайн, цахимаар тогтмол багш нартайгаа харилцах боломжтой байсан улс орнуудын сурагчид илүү өндөр оноо авч, үр дүн нь ерөнхийдөө сайн байсан. Харин багшийн хүрэлцээ тааруу, технологийн хөгжил муу эсвэл эцэг эх асран хамгаалагч нь хүүхэдтэй тавих анхаарал сул улс орнуудад үзүүлэлт сөрөг буюу уналтыг харуулжээ.
Тэгвэл математик, унших болон байгалийн ухааны чиглэлээр хамгийн өндөр оноо авсан улс орноор Сингапур тодорсныг мэргэжилтнүүд онцолж, судалгааны үр дүнгээс харахад Сингапурын хүүхдүүд бусад улс орны үе тэнгийнхнээсээ дунджаар 3-5 жилээр түрүүлж байна. Мөн Макао, Тайвань, Хонг Конг, Япон, Өмнөд Солонгосын өсвөр үеийнхэн математик, байгалийн ухааны чиглэлээр илүү өндөр оноо авсан бол зөвхөн математикийн хичээлийн үнэлгээгээр Эстони, Канад улсууд мөн өндөр оноо, үнэлгээ авсан байна.