Өчигдөр Нүүрсний хэргийн сонсголоор эрдэнэс “Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн талаар сонслоо

Өчигдөр Нүүрсний хэргийн сонсголоор эрдэнэс “Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн талаар сонслоо. Ажлын хэсгийн шинжээчийн өгч байгаа мэдээллээр сүүлийн 7 жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани нь  зөвхөн 2020 онд  иргэн болон аж ахуйн нэгжид ногдол ашиг олгожээ.

2016 онд 198 тэрбум 800 сая төгрөгийн алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэрийг ТУЗ гаргасан байна. 

2017 онд 461 тэрбум 100 сая төгрөгийн ашигтай ажилласан ч ногдол ашиг тараагаагүй.

2018 онд 807 тэрбум 500 сая төгрөгийн ашигтай ажилласан ч ногдол ашиг тараагаагүй.

2019 онд 1 их наяд 35 тэрбум 600 сая төгрөгийн ашигтай ажилласан ч ногдол ашиг тараагаагүй.

2020 онд  нэгж хувьцаанд 90 төгрөгөөр тооцон ногдол ашгийг иргэд, ААН-д мөнгөн хөрөнгөөр олгосон байна. Үүнд төрийн эзэмшлийн 880.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг, аан байгууллагын 207 ААН-д 211 сая төгрөгийн ногдол ашиг, 2.5 сая иргэнд нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилжээ. Ингэснээр нийт 2020 оны шийдвэрээр 1 их наяд 60 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгосон байна.

Харин 2021 онд 110 тэрбум 700 сая төгрөгийн ашигтай ажилласан ч ногдол ашиг тараагаагүй юм.

2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Тус компанийн ТУЗ-ийн хурлаар иргэдэд ногдол ашиг тараах эсэх талаар өнгөрсөн 11-р сард хуралдах байсан ч одоог хүртэл ямар нэгэн шийдвэр мэдээлэл гараагүй байна.