Нийгмийн өдөр тутмын байдал, үйл явдлыг тухайн агшинд камерын хальснаа буулгасан нь баримтат гэрэл зураг байдаг. Энэ төрлийн гэрэл зураг манай улсад 80-аад жилийн өмнө нэвтэрсэн ч одоог хүртэл хөгжингүй, мөн баримтат гэрэл зургийг сонирхогчид ч ховордож байгааг мэргэжлийнхэн сануулдаг. Тэгвэл баримтат гэрэл зураг тэр дундаа гудамжны гэрэл зургийг алдаршуулах, гэрэл зурагчдыг дэмжих зорилготой Гудамжны гэрэл зурагчдын үзэсгэлэн өчигдөр нээгдлээ.
Үзэгч таны харж байгаа энэ гэрэл зургууд элдэв нэмэлт хачиргүй, урьдчилж бэлтгээгүй, ямар ч төлөвлөгөөгүйгээр яг л 2023 оны Улаанбаатар хотын зун цагийн гудамжны амьдрал.
Баримтат гэрэл зураг, тэр дундаа гудамжны гэрэл зураг нь энэ мэтчилэн нийгмийн амьдрал, үйл явдлыг шууд камерын хальснаа буулгадгаараа илүү бодит, үнэ цэнэтэй гэж үздэг. Үзэсгэлэн дэлгэгдсэн эдгээр зургуудыг “Гудам” фото клубийн 27 гэрэл зурагчин 16 долоо хоногийн турш нийт 8 төрлөөр Улаанбаатар хотын өнцөг булан бүрд гарч зураг авчээ.
Олон улсад баримтат гэрэл зургийг өндрөөр үнэлж, бизнесийн томоохон зах зээлийг бий болгоод байгаа юм. Тэгвэл энэхүү үзэсгэлэн нь ч залуу үеэ дэмжиж, гэрэл зургийн хөгжилд хувь нэмрээ оруулах цаашдын олон үйл ажиллагааны эхлэл гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Үзэсгэлэнгийн өдрүүдэд Олон улсын Пресс гэрэл зурагчин Максим Мармур хүрэлцэн ирж гэрэл зургийн үзүүлэн сургалт зохион байгуулах юм байна. Мөн чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг, ерөнхий ивээн тэтгэгчийн нэрэмжит тэмцээний зарлал зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд 12-р сарын 11-ыг дуустал үргэлжилнэ.