Ирэх оны Нийслэлийн төсвийг баталлаа. Ирэх жилийн төсвийн орлогыг энэ оны төсвөөс 33 хувиар нэмэгдүүлжээ. Ингэхдээ агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулахад голлон анхаарч төсөвлөсөн тухай Нийслэлийн удирдлагын зүгээс танилцуулж байна. 2024 оны Нийслэлийн төсвийн талаарх тоон мэдээллийг хүргэе.
- 2024 оны Нийслэлийн төсөвт орлогыг 2.6 их наяд орчим төгрөг байхаар тусгажээ. Энэ нь 2023 оныхоос 33 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байна.
- Тэгвэл Нийслэлийн төсвийн орлогын 93 хувийг татварын орлогоор үлдсэнийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөж байна.
- Ингэхдээ хотын албан татварыг 2 дахин нэмэгдүүлж үүнийг дэд бүтэц, бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулах юм байна.
- Харин Нийслэлийн төсвийн нийт зарлагын 46 хувь буюу 1.1 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулахаар байгаа юм.
Өмнө нь ихэвчлэн хотын татвараас 16 тэрбум төгрөг төвлөрдөг байсан. Тэгвэл ирэх оноос хотыг татварыг 2 дахин нэмэгдүүлснээр 32 тэрбум төгрөгийн орлого бүрдэх бөгөөд үүнийг дэд бүтцийн бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулах юм байна. Тэгвэл НИТХ-ын зүгээс хувийн хэвшил, жижиг дунд бизнесүүд, иргэдэд татварын ачаа дарамт нэмэх саналыг оруулж ирсэн гэдгийг хэлж байгаа юм.
Яндангийн тоог бууруулахын тулд гэр хороолол дахь 5000 байшин, 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараах юм. Мөн давхар шаталттай зуухыг судалж байгаа юм байна. Он гарснаас хойш 59 хүн угаартаж нас барсан харамсалтай тоо бий. Тиймээс иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, зуух олгохоор судалж байгаа талаар Нийслэлийн удирдлагуудын зүгээс танилцуулж байна.
Ирэх оны Нийслэлийн төсөв нь Сэлбэ, Баянхошууг орон сууцжуулах чиглэлд голлон анхаарч, нэлээдгүй мөнгийг төсөвлөж байгаа юм байна. Мөн сургууль, цэцэрлэг зэрэг шаардлагатай бүтээн байгуулалт, камержуулалт, нийтийн тээврийн шинэчлэл зэрэгт нийслэлийн төсвийн зарцуулалтыг хийхээр байна. Үүнээс гадна метро барих ТЭЗҮ-д 180 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар нийслэлийн төсөвт тусгажээ.