Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Вашингтон хотноо хүрэлцэн очсон бөгөөд Цагаан ордны тэргүүн Жо Байдены хүсэлтээр хоёр өдрийн төрийн айлчлал хийж байна. Өчигдөр тэрээр АНУ-ын Батлан хамгаалах салбарын удирдлага албан тушаалтнуудад тавьсан илтгэлдээ цэргийн тусламжаа үргэлжлүүлэн үзүүлэхийг уриалж, итгэл найдварыг нь хөсөрдүүлэхгүй гэдгээ онцолжээ.
Володимир Зеленський Украины ард түмэн, цэрэг эрс өөрийн эрх чөлөөний төлөө бус дэлхий нийтийн ардчиллын төлөө тэмцэж байгааг индрээс хэлсэн байна. Түүний хийсэн мэдэгдэл АНУ-ын хоёр том намын маргааныг тасалж, олон сая америк.долларын тусламжийн багц, зэр зэвсгийг Украин руу дуудсан гэж шинжээчид үзэж байна.
Даваа гарагт Украины ерөнхийлөгч АНУ-ын Батлан хамгаалах салбарын удирдлага, цэрэг армийн офицер, алба хаагчидтай уулзаж, илтгэл тавьсан байна. В.Зеленський конгрессын танхим дахь Бүгд Найрамдах намын төлөөлөгчдөд хандан Украины ард түмэн, зэвсэгт хүчинд зэр зэвсгийн тусламж үзүүлэхийг уриалж, Жо Байдены санаачилсан тусламжийн багцын тухай хуульд хориг тавьж байгаа явдал нь В.Путины мөрөөдлийг гүйцэлдүүлж байгаа хэрэг гэдгийг онцолжээ.
Конгрессын танхим дахь Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид Жо Байдены санаачилсан холбоотон улсуудад үзүүлэх тусламжийн багцын тухай хуулийг батлах эсэх дээр хоёр ч удаа хэлэлцүүлэг өрнүүлж, эцэст хуулийн төсөлд хориг тавиад байгаа юм. Харин Жо Байдены засаг захиргаа хуулийн төслийг батлахгүй бол бараг хоёр жил үргэлжилсэн дайн Оросын талд эргэхээс гадна барууны орнуудын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл үүсгэж болзошгүйг конгрессын танхимд анхааруулаад байна. Харин даваа гарагт Украины ерөнхийлөгч В.Зеленський уг асуудалтай холбогдуулан тусламж үзүүлэхэд саад учруулж байгаа Бүгд Найрамдахчуудыг зэмлэн буруутгасан байна. Тэрээр хэрэв Капитолын өргөөнд шийдэгдээгүй асуудлуудаас урам зориг авдаг хэн нэгэн байдаг бол тэр нь В.Путин болон түүний галзуу солиотой бүлэглэл л байна” хэмээн хэлсэн байна. Мягмар гарагт буюу өнөөдөр В.Зеленский цагаан ордонд ерөнхийлөгч Жо Байден нар дээд хэмжээний уулзалт хийх бол үргэлжлүүлэн Киевийн тэргүүн Конгрессын танхимын дарга Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Майк Жонсонтой уулзах төлөвтэй байна.