Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 11 аймгийн 40 сум цагаан зудтай 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөл байдалтай байна. Нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоны улмаас зүүн болон төв, баруун аймгуудын хойд хэсгээр өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрчээ. Тухайлбал Завхан аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байгааг холбогдох албаныхан мэдээлсэн юм. Түдэвтэй суманд цас их орсны улмаас малчид отор нүүдэл хийх боломжгүй болсон талаар хэлсэн байна.
Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар завхан аймгийн Түдэвтэй сумын малчин Я.Өлзийбаттай утсаар холбогдон мэдээлэл авсан юм. Тус аймагт хүйтний эрч чангарч, цас их орсноор өвөлжилт хүндэрч эхэлжээ. Малчид өөрсдийн бололцоондоо тааруулан үед өвс тэжээлээ бэлддэг ч нэг удаа дунджаар 5 сая орчим төгрөгийг зарцуулдаг байна. Хэдийгээр малчдад отор нүүдэл хийх боломж байдаг ч бэлчээрийн даацгүй болсон гэдгийг тэрээр хэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар нутгийн зүүн болон төв баруун аймгуудын хойд хэсгээр өвөлжилт хүндэрсэн байна. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан аймаг бүрд шуурхай штабыг байгуулжээ. Ингэснээр төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо сайжирч мэдээлэл солилцох удирдлага зохицуулалт хангагджээ.
Энэ сарын 11-ны өдрөөс эхлэн 20-ны өдрийг хүртэл нийт нутгаар хүйтний эрч чангарах тул зудын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгаа юм. Иймд иргэд холын замд шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, мөн эрчим хүч, дулаан хангамжийн байгууллагууд бэлтгэл ажил, бэлэн байдлаа хангах шаардлагатайг Улсын Онцгой Комиссоос анхааруулж байна.