СХД-ийн захын хорооллын 5 сургуулийн автобус бензин, түлшгүйгээс шалтгаалж сурагчдаа зөөж чадахгүй зогссон

Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн сайд шатахуун тээвэрлэлт хилээр хэвийн нэвтэрч байгаа талаар мэдээлсэн. Мөн бензин, түлш ойрын гурван хоногтоо хэвийн болно гэж хэлсэн ч өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцын гадаа иргэд дараалал үүсгэн зогсож байгаа хэвээр байна. Шатахууны хомсдолоос үүдэж сургууль, цэцэрлэгийн автобус хүүхдүүдээ тээвэрлэх боломжгүй байдалд хүрсэн бол шатахуун авахаар дугаарлаж байсан иргэн шатахуун түгээгчийн биед халдсан тохиолдол ч гарчээ. 

Сонгинохайрхан дүүргийн захын хорооллын таван сургуулийн автобус бензин, түлш олдохгүй байгаагаас шалтгаалж зогсоод байна. Албаны эх сурвалжаас тодруулж асуухад нийслэлийн СХД-ийн 9, 152, 106, 124, 151-р сургуулийн автобус сурагчдаа зөөж чадахгүй өмнөх долоо хоногоос эхлэн зогсжээ. Тус дүүргийн Засаг Даргын Тамгын газраас бензиний талоныг сургуулийн автобусны жолоочдод өгсөн албан бичиг хүртэл хүргүүлсэн ч бензин олдохгүй сурагчдаа хүргэж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Мөн энэ амралтын өдрүүдээс эхэлж авто замын 1-р эгнээ шатахуун авахаар дугаарласан автомашинаар дүүрээд байгаа юм.

Гаалийн Ерөнхий газраас тодруулж асуухад хилээр шатахууны тээвэрлэлт хэвийн орж ирж байгаа гэсэн юм. Мөн жолооч бүр саваа дүүргэж авч байгаагаас эрэлт 2 дахин нэмэгдэж тасалдал үүссэн гэдгийг салбарын сайд мэдээлж байсан юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 11-р сарын 24-өөс эхлэн шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийж эхэлсэн байна.