Манай улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын улирлын урсгалыг нэмэгдүүлэх боломж, нөөц бололцоо, ондоошил хангалттай хэмжээнд бий гэж мэргэжилтнүүд үздэг. Харин яам хоорондын уялдаа холбоо, нэгдсэн менежмент, төлөвлөгөө шаардлагатай байгааг өнгөрсөн хугацаанд сануулж байсан юм. Тэгвэл Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамнаас энэ өвөл жуулчдыг татах нэгдсэн төлөвлөгөө боловсруулж засгийн газарт хэлэлцүүлэхээр болсон байна. Тус төлөвлөгөөнд “Нэг жуулчин - Нэг хонь” төслийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Хүйтний эрч чангарч өвлийн улирал болоход аялал, жуулчлал хөгжих тохиромжгүй гэдэг нийтлэг хандлага нийгэмд байдаг. Гэтэл манай улсаас ч хүйтэн цаг агаартай Харбин хот, Сибирийн өвлийн аялал жуулчлал нь цас мөсөн хотхон, өвлийн усанд шумбалтын тэмцээн, олон улсын тэшүүрийн тэмцээн, уулын цана зэрэг хөтөлбөрөөрөө нэг жилд гэхэд 10 сая гаруй жуулчныг хүлээн авдаг байна. Харин Өмнөд Солонгос улс мөсөн хананы олон улсын тэмцээн, Япон улс өвлийн халуун рашаан хөтөлбөрөөрөө олон улсын жуулчдын анхаарлыг татаж байна. Харин манай улсад өвөл зохион байгуулагддаг тоотой хэдэн арга хэмжээ байдаг нь Хөвсгөлийн “Мөсний баяр”, Өмнөговийн “Тэмээний баяр”, Чингисийн хүрээний “Бүргэдийн баяр” эдгээр арга хэмжээ сүүлийн 10 гаруй жилд тасралтгүй зохион байгуулагдаж байгаа ч нэг жилд хамгийн ихдээ 1000 гаруй жуулчин зорин очдог. Энэ жилээс жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор зарим шинэчлэлүүдийг хийж, зохион байгуулагдах хугацааг наашлуулжээ. Мөн Архангай аймагт зөвхөн орон нутгийн хэмжээнд зохион байгуулдаг байсан “Тамирын жавар” мөсний баяр, булган уулын “Түмэн зулны баяр” зэргийг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өргөн хүрээг хамруулан зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Нэг жуулчин-Нэг хонь” төслийг Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамнаас гаргасан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгажээ. Булган аймагт хэрэгжүүлэх нэг жуулчин-нэг хонь төслөөр БНСУ-аас ирэх жуулчдад орон нутгийн малчдын маллаж байгаа хоттой хониноос нэг жуулчинд нэг хонь бэлэглэж, малчин жуулчдын хонийг нь маллаж, өсгөх юм байна. Ингэснээр жуулчид Монголд гэр бүлээрээ буцаж ирэх, мал аж ахуйтай танилцах, малчин өрхүүдтэй хамтарч ажиллах боломж бүрдэнэ гэж үзсэн байна.