БНХАУ, Вьетнамын удирдагчид иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Вьетнам улсад төрийн айлчлал хийсэн. Тэгвэл түүний айлчлал өндөрлөх үеэр Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Хоёр улсын Засгийн газрын хамтарсан мэдэгдэлд өгүүлснээр 2 улс иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, ирээдүйн хамтын нийгэмлэг байгуулахаар тохиролцсон байна.

Мөн эдийн засаг, аюулгүй байдал зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулж, хоёр улсын харилцаанд тулгараад байгаа Тонкины булан дахь хилийн маргаантай бүсэд хамтарсан эргүүл хийх тохиролцоонд хүрчээ.

Энэ жил Япон, АНУ-ын эрх баригчид Вьетнам улстай харилцаагаа өргөжүүлэхээр тохиролцсон. Вьетнам, Хятад хоёр улс нь өмнөд Хятадын тэнгис дэх нутаг дэвсгэрийн эзэмшлийн асуудлаар санал зөрөлдөөнтэй ч эдийн засгийн хувьд хүчтэй харилцаа хамтын ажиллагаатай юм. Тиймээс Хятад улс Вьетнам улстай харилцаагаа эрчимжүүлэх замаар Япон, АНУ-ын эсрэг нөлөөллөө тогтоохыг хүсэж байна гэж ажиглагчид үзэж байна.