Аргентин улсын Ерөнхийлөгч төрийн татаасыг цуцалж, валютын ханшаа 50 хувиар сулруулах шийдвэр гаргажээ

Аргентин улсын шинэ Засгийн газар сүүлийн хэдэн арван жил тохиолдож байгаагүй эдийн засгийн хямралыг шийдвэрлэхийн тулд зарлагаа их хэмжээгээр танах багц арга хэмжээ хэрэгжүүлж эхэлжээ. Уг ажлын хүрээнд өөрийн улсын мөнгөн тэмдэгт болох песогийн ханшийг 50 гаруй хувиар сулруулж, төрийн татааснуудыг эхнээс нь цуцлах шийдвэр гаргажээ.

Хавьер Майлейгийн Засгийн газар эрчим хүчний болон тээврийн салбарын аж ахуйн нэгжүүдэд төрөөс тавьж байгаа татааснуудыг цуцлан, тендер шалгаруулалтын ажлыг зогсоож, песогийн ханшийг 50 хувиар сулрууллаа. Өнгөрөгч лхагва гарагт Аргентин улсын Сангийн сайд Луис Капуто биржийн арилжаа хаагдсаны дараагийн өдрөөс эхлэн песогийн албан ёсны ханшийг нэг америк.доллар 800 песотой тэнцэх хэмжээнд сулруулж буйгаа зарлажээ. Өмнө нь 1 ам.доллар 366 песотой тэнцэж байсан юм. Тэрбээр Төв банк сар тутам 2 хувийн ханшийн уналт хийнэ гэдгийг онцолсон байна. Мөн Аргентины Сангийн сайд Капуто дотоодын нийт бүтээгдэхүүний 5.5 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн гүн алдагдлыг арилгахын тулд ийм хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрснийг хэлсэн байна. 

Тэгвэл олон улсын валютын сан Аргентины Засгийн газрын шийдвэрийг талархан хүлээн авсан бөгөөд энэ алхам нь богино хугацаанд хүнд хэцүү дарамт, өвдөлт мэдрэх хэдий ч хэтдээ улсын төсвийн алдагдлыг бууруулж, гурван оронтой тоонд хүрсэн инфляцыг бууруулахад эерэг нөлөөлөл үзүүлнэ гэдгийг онцолжээ.

Үр тарианы томоохон үйлдвэрлэгч Өмнөд Америкийн тус улсын инфляц 150 хувьд дөхөж, төв банкны нөөц нь улайж, хүн амын 40 орчим хувь нэн ядуу ангилалд багтаж байна. Тиймээс Хавьер Майлей Засгийн газрын яамнуудын тоог хоёр дахин бууруулж, хэрэгцээгүй салбар Засгийн газрын агентлагуудыг татан буулгаж эхэлсэн байна.

"Тэдний авч буй шийдвэртэй арга хэмжээг би сайшааж байна. Улс орныхоо тогтвортой байдлыг сэргээж, эдийн засгийн чадавхыг сайжруулах чухал алхам хийж байгаа явдалд Аргентины ард түмний өмнөөс талархаж байна” хэмээн ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгджээ. ОУВС-ийн тэргүүн эдгээр арга хэмжээг "Зоригтой" алхам гэж тодорхойлж, сүүлийн жилүүдэд гаргасан "Бодлогын ноцтой ухралт"-ын дараа эдгээр арга хэмжээ нь эдийн засгийг тогтворжуулахад тусалж, илүү тогтвортой, хувийн хэвшлийн оролцоотой өсөлтийн үндэс суурийг тавина" гэдгийг цохон тэмдэглэжээ.

Аргентины Засгийн газар аливаа төрийн халамж, үр ашиггүй татаас, тусламжийн арга хэмжээг цуцалж, төрийн өмчийн үйлдвэр, тариалангийн талбай зэргийг хувьд шилжүүлж, бизнесийн салбар дахь төрийн оролцоог бүр мөсөн үгүй хийхээр бэлтгэж байна. Мөн Аргентины төв банкны бодлого тодорхойлогчид мөнгөний бодлого, арга хэмжээнийхээ төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулахаар зэхэж байна. 

Харин Аргентины сөрөг хүчний улс төрчид хохирогчдыг зөнд нь орхиж, төрийн албан хаагчдыг ажилгүй, орлогогүй болгож, иргэдээ мөнгө үйлдвэрлэдэг машин болгох гэж байна гэж үзэн дээрх төлөвлөгөөг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна.