Сүүлийн 5 жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1064 хэрэг бүртгэгджээ

Манай улсад өсвөр насныхны дунд газ, цавуу, будаг болон бензин зэрэг мансууруулах зүйлс хэрэглэдэг хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэд эцэг эхийн хараа хяналт сул, чөлөөт цагаа буруу өнгөрүүлж, учирч болзошгүй эрсдэлийг тооцолгүй энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна.

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй хэт тогтворгүй, бусдын нөлөөнд амархан автах зэргээс шалтгаалж ахуйн хүрээний эд зүйлс үнэртэх, мансууруулах бодис хэрэглэх тохиолдол ихээр гардаг байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд хар тамхи мансууруулах бодистой холбоотой нийт 1064 хэрэг бүртгэгдэж, 1500 орчим иргэн холбогджээ. Тэдгээр иргэдийг насны бүлгээр нь ангилбал 18-25 насныхан 54 хувийг эзэлж байгаа бол нийт холбогдогчдын 92.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлж байна.

Өсвөр насны хүүхдүүд элдэв хорт зуршилд автах нь сэтгэлзүйн тогтворгүй байдлаас хамаардаг байна. 2013 онд өсвөр насныхны дунд хийсэн судалгаагаар 1000 хүүхэд тутмын тал нь буюу 500 гаруй хүүхэд ямар нэг байдлаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэсэн судалгаа гарчээ.

Тэгвэл 2022 онд сэтгэцийн эрүүл мэндийн төвд мансууруулах, сэтгэц идэвхт эм, хорт бодисын шалтгаант эмгэгээр 638 өвчлөл бүртгэгдсэнээс 51% нь насанд хүрээгүй өсвөр насны хүүхэд байжээ. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гэхэд л нийт хүн амын 25.8 хувийг 10-19 хүртэлх өсвөр насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд тэдгээрээс 60 хүүхэд нь мансууруулах бодис хэрэглэж үзсэнээс 12 нь амиа хорлох үйлдэл гаргасан гэсэн судалгаа байна. Иймд эцэг эх асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлголцож, өөр бусад дугуйланд хамруулах нь энэ төрлийн хорт зуршлаас ангид байх боломжийг бүрдүүлдэг байна.