“Euromonitor International” байгууллагаас 2023 оны шилдэг 100 хотын тухай судалгааны үр дүнг танилцуулжээ
“Euromonitor International” байгууллагаас 2023 оны шилдэг 100 хотын тухай судалгааны үр дүнг танилцуулжээ. Энэхүү цогц судалгаа болон дүн шинжилгээ нь дэлхийн хамгийн эрч хүчтэй, нөлөө бүхий хотуудын гарын авлага болох төдийгүй яг одоо аялахад хамгийн тохиромжтой газруудын талаар товч мэдээллийг өгөх юм.

Жагсаалтыг гаргахын тулд “Euromonitor” байгууллагаас зургаан үндсэн ангилалд 55 өөр хэмжүүр ашигласан байна. Үүнд эдийн засаг, бизнес, аялал жуулчлалын гүйцэтгэл болон дэд бүтэц, хотын бодлого төлөвлөлт, сонирхол татахуйц байдал, эрүүл мэнд, аюулгүй байдал, тогтвортой байдал зэрэг үзүүлэлтүүд багтжээ. Жагсаалтын эхний байрт Парис хот шалгарсан бөгөөд хоёр дахь жилдээ дараалан ийнхүү шилдгээр нэрлэгдэж байна.

Гэрэлт хот нь түүхэн сүр жавхлан, орчин үеийн динамизмын өвөрмөц хослолоор зочдыг байлдан дагуулсаар байна. 2024 оны зуны олимпын наадам Парис хотод зохион байгуулагдах бөгөөд “Euromonitor International” байгууллагын судлаачид тус хотын "аялал жуулчлалын бодлого, сонирхол татахуйц байдал, дэд бүтэц зэрэг нь өндөр үнэлгээ авсан гэж мэдээлжээ.

Түүнчлэн жагсаалтын шилдэг 10-т европын долоон хот багтсан нь бүс нутгийн улсууд хамгийн аюулгүй, аялахад тохиромжтой гэдгийг илтгэж байгаа юм. Европ тив нь түүхэн баялаг, соёлын олон талт байдал, технологийн дэвшлийг хослуулсан нь балчир настнуудаас эхлээд ахмад буурлуудын хүртэл анхаарлыг зайлшгүй татдаг байна. Эхний 10-т европын бусад хотууд буюу Мадрид, Амстердам, Берлин, Ром, Барселона, Лондон зэрэг хотууд багтжээ.

Эхний 10-т европын бус хотуудаас Дубай хот  дэд байрт, ази тивээс Токио хот 4-р байрт эрэмбэлэгджээ. Токио хот эхний 10-т багтсан нь аялал жуулчлалын дэд бүтэц сайжирч, “Ковид-19”-ийн хязгаарлалтыг хөнгөвчилсөн, иений ханш суларснаар олон улсын жуулчдад таатай нөхцөл бүрдсэн зэрэг нь нөлөөлсөн байна.

Жагсаалтын эхний 20-н байрт Ази тивийн хотууд хүчтэй байр суурь эзэлсэн бөгөөд Сингапур, Сөүл, Осака, Хонг Конг зэрэг хэд хэдэн хот багтсан нь бүс нутгийн нөлөө улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна. Тэгвэл жагсаалтын эхний 10-т АНУ-аас зөвхөн ганц хот буюу Нью-Йорк хот орж, 8-р байрт эрэмбэлэгдсэн нь аялал жуулчлалын салбарын томоохон ландшафт улсын хувьд бага зэргийн ухралтыг харуулсан гэж үзжээ. Энэ нь АНУ-ын бодлого боловсруулагчид илүү өндөр өртгөөр өмнөхөөсөө цөөн тооны жуулчин хүлээж авах  арга хэмжээг хэрэгжүүлж байгаатай холбоотой байж болзошгүй гэж судлаачид тайлбарлажээ.

Эдгээр хотууд нь аялал жуулчлалын сорилтыг бүтээлчээр шийдэж, аялал жуулчлалын салбартаа оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, соёлын өвөө дээд зэргээр хамгаалан хадгалж хойч үедээ залгамжлан үлдээхийн зэрэгцээ  орон нутгийн иргэдэд аялал жуулчлалын үр өгөөжийг хүртээхэд онцгой анхаарч байгааг илэрхийлж байна хэмээн судалгааны байгууллагаас мэдээлжээ.