ОХУ-ын хөрш Финланд улс Умард Атлантын Гэрээний байгууллага буюу “НАТО”-д элссэн явдал нь хэтдээ асуудал үүсгэнэ гэдгийг ерөнхийлөгч Владимир Путин анхааруулжээ

Энэ оны эхээр ОХУ-ын хөрш Финланд улс Умард Атлантын Гэрээний байгууллага буюу “НАТО”-д элссэн явдал нь хэтдээ асуудал үүсгэнэ гэдгийг ерөнхийлөгч Владимир Путин анхааруулжээ. Финланд улс “НАТО”-д элссэнээр Европын хойд хэсгийн бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоонд багагүй өөрчлөлт гарсан бөгөөд тус эвслийн хил хязгаар ОХУ-д илүү ойртож, 2 улс 1300 км хуурай газраар хиллэх болсон юм.

Энэ нь “НАТО”-г өргөжүүлж, Финландыг тус эвсэлд элсэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг эртнээс эсэргүүцэж байсан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хүнд цохилт болсон юм.  Ням гарагт В.Путин “Барууныхан Финланд улсыг “НАТО” -руу татан оруулсан. Бидний дунд ямар нэгэн маргаантай асуудал байсан уу гэвэл үгүй. 20-р зууны дунд үеийн нутаг дэвсгэрийн шинж чанартай санал зөрөлдөөнийг бол бид хэдийн шийдсэн” хэмээн телевизийн шууд дамжуулалтын үеэр мэдэгдсэн байна. Тэрээр өмнө нь нөхцөл байдал амар амгалан байсан бол одоо хоёр улсын харилцаа тийм ч дардан замаар явахгүй, Ленинградын цэргийн тойргийг байгуулж, цэргийн ангиудыг хойд бүс нутагтаа төвлөрүүлнэ гэдгийг онцолжээ.

Энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсыг эзлэн авбал цааш үргэлжлүүлэн зэр зэвсгийн тусламжаа Киев хот руу илгээсээр байх болно хэмээх амлалт  өгсөн юм. Харин хариуд нь Кремлийн тэргүүн В.Путин Цагаан ордны тэргүүн Жо Байдены энэхүү мэдэгдлийг няцааж, ОХУ-ын зэвсэгт хүчин “НАТО”-г өдөөн хатгаж, АНУ-ын цэргийг дайнд татан оруулах хэтийн зорилго байхгүй гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн В.Путин Өрнөдийн тоглоомын дүрмийг дагах аваас ОХУ задрах эрсдэлтэй бөгөөд Оросууд тусгаар тогтнолоо авч үлдэх эсвэл задарч алга болох хоёрхон сонголттой нүүр тулсан учраас Украин дахь “Цэргийн тусгай ажиллагаа” гэх түрэмгийллээ ялалтаар өндөрлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.