Нүүрсний Хэргийг Хянан Шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь шатны сонсгол өчигдөр эхэллээ. Тус сонсголоор “Эрдэнэс Тавантолгой”, "Тавантолгой" ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, нүүрс тээврийн “С” зөвшөөрөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, шаардлагатай нотлох баримтуудыг танилцуулан холбогдох гэрчүүдийг сонсжээ. Шинжээчийн дүгнэлтээр сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5.2 сая тонн нүүрс буюу 17.5 их наяд төгрөгийн нүүрсийг ямар нэг бүртгэлгүйгээр хилээр гаргасан нь тогтоогдсон талаар мэдээлжээ.
Шинжээчийн дүгнэлтэд танилцуулсан нүүрс ачиж буулгах эх баримт буюу түүний мэдээлэл байхгүй мөн 2016 оноос өмнөх мэдээлэл устсан байна. Ингэснээр гаалийн мэдээлэлд тулгуурлаж машиныг дугаараар нь он сар өдөр, компани, жингээр нь мэдээллийг нь гаргажээ. Нийтдээ 5.2 сая тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр Монгол улсын хилээр гарсан байгааг тогтоожээ. Энэ нь дунджаар 17.2 их наяд төгрөгийн өртөг гарч байгаа юм. Мөн өчигдөр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байж болзошгүй улс төрийн хамааралтай 40 орчим хүмүүсийг шинжээч танилцуулсан байна. Тухайлбал ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэр дурдагдсан юм. Энэхүү асуудалтай холбогдуулан гэрчүүдийн зүгээс тайлбар хийлээ.
Мөн өчигдрийн сонсголд оролцсон гэрчүүдийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байсан юм. Учир нь нүүрс тээврийн компаниудын байр суурийг дүгнэлтэд тусгаагүй нэг талын байр суурь дээр үндэслэсэн. Мөн гаалийн бүрдүүлэлтгүйгээр нүүрс хилээр гаргах боломжгүй гэдгийг гэрчүүдийн төлөөлөл хэлж байсан юм.