Өмнөх долоо хоногийн дундуур нийслэлийн авто зам дээр бараг тэг зогсолт болсны уршгаар зарим зорчигчид -30 градусын хүйтэнд 2-3 цагаар автобус хүлээсэн бол хүлээж хүчрэхгүй зарим нь багагүй зайг явган туулахад хүрсэн. Энэ нөхцөл байдлыг арилгахын тулд 12 сарын 18-ний өдрөөс эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулж эхэлсэн. Одоогийн байдлаар авто замын түгжрэл харьцангуй багасаж, нийтийн тээврийн эргэлт ойртсоноор, хүлээлтийн хугацаа ч богино болсныг иргэд хэлсэн байна.
Улаанбаатар хотын нийт хүн амын 45 орчим хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа байдаг. Энэ нь хувийн автомашинаараа зорчиж байгаа иргэдийн тоо нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдээс их байгааг илтгэж байгаа юм. Цаг агаар эрс хүйтрэн, цас ормогц авто замын хөдөлгөөний эрчим улам удааширч байгаа. Нэгэнт богино хугацаандаа хэрэгжүүлэх өөр дорвитой шийд гарц байхгүй бол тэгш, сондгойгоор зорчуулах нь оновчтой шийдвэр гэдгийг иргэд хэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 980 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Үүнээс 50-60 хувь нь ашиглалтын хугацаа нь дууссан буюу 12-оос дээш жилийн насжилттай байгаа юм. Тэгвэл ирэх оны 1-р сарын 31 гэхэд шинээр 600 автобус нийлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгааг нийслэлийн удирдлагууд мэдээлж байна.
Харин энэ ондоо багтаан 100 хүртэлх тооны автобусыг шинээр оруулж ирэхээр төлөвлөж байгаа юм байна. Авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, зохион байгуулалтын улмаас иргэд автобус удаан хүлээх, багтахгүй байх асуудлууд үүсдэг. Харин өнөөдрөөс авто машиныг тэгш сондгойгоор явуулж эхэлснээр замын түгжрэл саарч, энэ хэрээр нийтийн тээврийн хүлээлтийг богиносгох боломж гарсан бол тун удахгүй мөн хүртээмжийн асуудал ч шийдэгдэнэ гэсэн хүлээлттэйгээр иргэд шинэ оноо угтах төлөвтэй байна.