Улаанбаатар хотод 2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156 сургууль, төрийн бус өмчийн 134 сургууль, нийтдээ 290 сургуульд 365 мянган сурагч суралцаж байна. Тэгвэл тэдгээрийн тал хувь нь 12 сарын 18-ний өдрөөс эхлэн цахимаар хичээллэж эхэллээ. 2-р улирлын амралт эхлэх хугацаа болоогүй байсан ч, улс орон даяар хүйтний эрч чангарч ханиад томуу ихэссэн, нийтийн тээврийн хүрэлцээ муу, авто замын түгжрэл дээд цэгтээ хүрсэн зэрэг шалтгаанаас үүдэн 1-5-р ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлээд байна.
Багш нар “Ковид-19” цар тахлын үед цахим хичээл явуулах туршлагатай болсон. Түүнчлэн цахимаар хичээллэж эхэлж байгаа энэ үе нь хичээл хаагдах сүүлийн хоногуудтай таарч, дүн гаргах, өмнөх хичээлээ бататгах зэрэг үйл явцуудтай зэрэгцэж байгаа тул хичээл хоцрогдох асуудал үүсэхгүй гэдгийг багш нар хэлсэн байна.
Гэвч Боловсрол Шинжлэх Ухааны яам болон нийслэлийн удирдлагууд сурагчдын амралтыг цахим хэлбэрт шилжүүлэхдээ, урьдчилж судалгаа хийлгүй, амралтын өдөр гэнэтийн шийдвэрийг тулгаж гаргаж байгаа нь олон хүндрэл үүсгэж байгааг эцэг эхчүүдийн төлөөлөл ярьсан байна. 1-5-р ангийн сурагчдын хувьд, өөрсдийнх нь бие даах чадвар хараахан бүрэлдээгүй байдаг тул хүүхдээ гэрт нь үлдээгээд орхих эсвэл ажлаа хийлгүй тэдэнтэй байх асуудал тулгарч байгааг тэд хэлсэн байна.
Нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан бага ангийн хүүхдүүдийг цахимаар хичээллүүлж, амралтын хугацааг нь наашлуулж байгаагаа амралтын өдөр зарласан нь зарим эцэг эхчүүдэд гэнэтийн үйл явдал болсныг хэлж байна. Аливаа нийтийг хамарсан ажлыг зохион байгуулахдаа нөхцөл байдалдаа тохируулан урьдчилан төлөвлөж, уялдаа холбоотойгоор явуулж, гэнэтийн шийдвэрээс татгалзаж байхыг иргэд болон ерөнхий боловсролын багш, ажилчдын зүгээс хүсэж байгаагаа илэрхийллээ.