Дэлхийн эдийн засгийн хамгийн том асуудал нь Африк тив гэж шинжээчид үзэж байна

Дэлхий даяар төрөлтийн түвшин буурч, үүнтэй холбогдуулан Япон, Хятад, Америк зэрэг томоохон зах зээл бүхий улс орнуудын эдийн засгийн өсөлт саарч, үйлдвэрлэлийн хурд удааширч байна. Орчин үед хүүхэд бол эдийн засгийн өсөлтийн гол түлхүүр болсон төдийгүй улс орнууд ч гэсэн төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд шат дараатайгаар, урт хугацаанд үргэлжлэх бодлого арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байна.

Тэгвэл дэлхий эдийн засгийн өсөлтийн хамгийн том асуудал бол одоо 1.5 тэрбум хүн амтай болсон Африк тив гэж шинжээчид үзэж байна. 2030 он гэхэд дэлхийн ажиллах хүчний гурван хүн тутмын нэг нь тус тивд амьдарч, аж төрөх болох тооцоолол байгаа юм. Дэлхийн эдийн засаг бүхэлдээ илүү хурдацтай өсөхийн тулд Африк тивийн улс орнууд эдгээр ажиллах хүчний нөөцөө үр бүтээлтэй ашиглах, ажиллуулах арга замыг эрж хайн, хүн ам зүйн ногдол ашгаа хүртэх шаардлагатай байна. Гэхдээ Африкийн ихэнх улс оронд шинжээчдийн тооцоолсон шиг нөхцөл байдал өрнөхгүй байгаа тухай хэлж байна. Судалгаагаар аливаа улс орны хөдөлмөрийн насны хүн амын өсөлт жил бүр 2-оос доошгүй хувь байх нь эдийн засгийн өсөлтөд бүр гайхамшигтай гэж хэлж болохоор эергээр нөлөөлдөг нь тогтоогдсон байна. Хэдийгээр Африк тивийн хүн ам, тэр дундаа хөдөлмөрийн насны иргэдийн өсөлтийн хурд эрчтэй байгаа ч үр ашгийн хувьд чамлалттай байгаа юм.

Хэрвээ 2000 оноос хойш Африк тивийн хүн амын өсөлт, ажиллах хүчний нөөцийг Өмнөд Солонгос, Япон зэрэг Зүүн азийн томоохон эдийн засагтай улс орнуудын хэмжээнд ашиглаж чадсан бол дэлхийн эдийн засаг одоо байгаа үзүүлэлтээс хоёр дахин том байх байжээ. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлт сүүлийн үеийн дундаж үзүүлэлтээс 2.5 хувиар хурдан байх байсан юм.

Гэвч сүүлийн таван жилийн хугацаанд Африк тивийн 54 орны ердөө гурав нь л жилийн 6-аас дээш хувийн эдийн засгийн өсөлттэй байсан. Тэдгээр нь Этиоп, Бенин, Руанда байна.Сүүлийн арван жилд Африкийн нэг ч улсын нэг хүнд ногдох дундаж орлого эрс өөрчлөгдөөгүй, эсрэгээрээ бараг тал хувь нь буурсан, тэр дундаа Нигери, Өмнөд Африк, Алжир зэрэг тивийн таван том улсын гурав нь буурсан үзүүлэлттэй байна. Зүүн азийн улс орнууд зах зээлийн шаардлагыг мэдэрч ажиллах хүчний нөөцөө зөв хуваарилж хүчирхэг эдийн засгийн бүтцийг бий болгосон гэж тодорхойлж болох юм. Харин Африкийн улс орнууд хүний нөөц арвин хэдий ч нэг ажилчинд ногдох гарцыг нэмэгдүүлэхгүй байна. Жишээ татвал Япон, Өмнөд Солонгос нь хүний оролцоотой үйлдвэрлэлийн дамжлагын хэсгийг технологийн дэвшлээр шийдвэрлэж, ажилчдадаа өөр нарийн мэргэшсэн ажил даалгаснаар хөгжиж байгаа бол Африкийн орнуудын дижитал эрин үе рүү "Үсрэн" орно гэдэг итгэл найдвар нь биелээгүй байна.

Ирэх гучин жилийн хугацаанд дэлхийн хөдөлмөрийн насны хүн ам 2 тэрбумаар нэмэгдэж, эдгээр ажилчдын бараг 80 хувь нь Африк тивд бүртгэгдэх төлөвтэй байна. Энэ нь өргөн уудам тивийн эдийн засгаа тэлэх эцсийн боломж төдийгүй тус тивийн улс орнуудын Засгийн газар авлигаас ангид, манлайллыг бий болгосон тохиолдолд Африк бол дэлхийн боломж гэж Рокфеллер интернэшнл сангийн шинжээчид дүгнэжээ.