БНХАУ-ын Баруун хойд бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас өчигдрийн байдлаар 110 орчим хүн амиа алдсан нь тогтоогдоод байгаа талаар мэдээлжээ. Хятад улс нь Евро-Ази, Энэтхэг, Номхон далайн олон тооны тектоник хавтангууд хоорондоо нийлдэг бүс нутагт оршдог тул газар хөдлөлтөд өртөмтгий байдаг юм.
Тэгвэл өнгөрсөн даваа гаргийн шөнө Хятадын Ганьсу мужид ойролцоогоор 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд онцгой байдлын албаны аврагчид цаг хугацаатай уралдан хүмүүсийг барилгын нурангин доороос татан гаргах ажиллагааг эхлүүлсэн байна. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр газар хөдлөлт Хятадын Линшя хотоос хойд зүгт, газрын гадаргаас 10 километрийн гүнд бүртгэгджээ. Мөн газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт цахилгаан болон усны хангамж тасалдсан нь нөхцөл байдлыг дордуулж байна гэж хятадын дотоодын хэвлэлүүд мэдээлж байна.
Ганьсу нь Төвд болон Монгол улстай хиллэдэг Хятадын хойд бүс нутгийн муж байна. Хятадын эрх баригчид газар хөдлөлт нь 6.2 магнитуд хүчтэй байсан гэж мэдээлсэн бол АНУ-ын Геологийн алба газар хөдлөлт нь 5.9 магнитудын хүчтэй байсан гэж тооцоолжээ.