Хэрэв иргэд ердийн хэрэглээгээрээ бензин, түлшээ авбал ойрын 2-3 хоногтоо шатахууны тасалдал хэвийн болно

Иргэд автомашиныхаа банкийг шатахуунаар дүүргэн авч байгаагаас шалтгаалж түгээлт удааширч байна гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлжээ. ОХУ-аас 20 орчим хоногийн хугацаанд манай улсад шатахуун нийлүүлээгүйн улмаас импорт түр саатсан. Тэгвэл бензин, түлш эргэн хэвийн татан авалттай болсон ч иргэд шатахуунд оочирлосон хэвээр байна. Ашигт малтмал, газрын тосны газар өмнөх жилүүдтэй харьцуулахад 1.5 дахин их вагон шатахуун зах зээлд нийлүүлэгдэж байгаа талаар мэдээлж байна.

Хэрэв иргэд ердийн хэрэглээгээрээ бензин, түлшээ авбал ойрын 2-3 хоногтоо шатахууны тасалдал хэвийн болно гэдгийг ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Мөн хөдөө орон нутгийн шатахууны нөөц хэвийн болж байна.

Одоогоор бензин, дизель түлш хэвийн татан авалттай байгаа. Тиймээс иргэд ердийн хэрэглээний хэмжээгээр банкаа дүүргэх хэрэгтэйг ШТС-ын ажилтнуудын зүгээс хэлж байгаа юм. Зарим хүмүүсийн автомашины банк нь дүүрэн байгаа ч ахин дүүргэнэ гэж  зогсож хий хомсдол үүсгэж байгааг ШТС-ын төлөөлөл хэлж байна.

Нэг талаас иргэд ШТС-уудаас бензин, түлш авахдаа ердийн үеийнхээс илүү хэмжээгээр авч байгаатай холбоотойгоор тасалдал үүсэж байгааг ШТС-ын ажилтнууд мэдээлж байна. Гэсэн ч иргэдийн зүгээс олон цагаар дугаарлан зогсож шатахуунаа нөөцөлсөөр байна.

Евро-5 дизель түлш ОХУ-ын экспортын хоригт багтсан учир БНХАУ-аас 31.500 тонныг захиалсан байна. Тэгвэл үнийн хувьд бага зэргийн ялгаатай байгаа буюу ОХУ-аас 1 тонн Евро-5 дизель түлшийг 930 ам.доллароор худалдан авдаг байсан бол Хятадаас татан авахдаа 1080 ам.доллароор татан авалт хийж байна. Үүнээс шалтгаалж тус төрлийн дизель түлшний үнэ бага зэрэг нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Бусдаар автобензиний үнэ ойрын хугацаандаа нэмэгдэхгүй гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна.