ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный шоронгоос сураггүй алга болсныг өмгөөлөгч нь мэдээлжээ

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный өнгөрсөн жилийн дунд үеэс хойш хоригдож байсан шоронгийн байраасаа алга болсныг өмгөөлөгч нь мэдээлсэн байна. Түүнийг хорих ангиас нүүлгэн шилжүүлсэн байж болзошгүй төдийгүй одоо хаана байгаа нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн оны 8-р сард Алексей Навальный 30 гаруй жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд түүнийг оросын хамгийн чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн эсвэл процедур үргэлжилж байж магадгүй байна. ОХУ-ын өргөн уудам нутаг дэвсгэрт хоригдлуудыг төмөр замаар тээвэрлэх үйл явц хэдэн долоо хоног үргэлжилдэг. Иймээс хуульчид болон ар гэрийнхэн нь хоригдлыг зорьсон газартаа хүрэх хүртэл тэдний байршил, бие, эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авах боломжгүй байна.

Москва хотоос зүүн зүгт орших хоёр ч хорих ангид Алексейн Навальный бүртгэлгүй байгаа талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлж, холбоо тогтоолгүй удсан тухай онцолжээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Цагаан ордны зүгээс санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Мөн сөрөг хүчний удирдагч гэнэт алга болсон нь В.Путины сонгуулийн кампанит ажил эхэлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Навальный сүүлийн үед өмгөөлөгчөөрөө болон туслахуудаараа дамжуулан шоронгоос өөрийн байр суурийг илэрхийлж, ирэх хавар болох сонгуулиар өөрчлөлт шинэчлэл эхлүүлэхийг ард иргэддээ удаа дараа уриалаад байжээ. Тэрбээр В.Путины дэглэмийг хурцаар шүүмжилж, Оросын төрийн өмчийг хувьдаа завшиж, оффшор бүсэд хадгалж, олон тэрбум америк.долларын хөрөнгийг гадаад улсад үл хөрөнгө авахад зарцуулсан зэрэг барим сэлтийг цуглуулж, танилцуулж байсан юм.