Өнөөдөр шатахууны нөхцөл байдлын талаар Уул Уурхайн сайд олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ сард БНХАУ-аас авахаар нийт 31.500 тонн дизель түлш захиалсан байгаагаас 5000 тонн нь өнөөдөр ирж байгаа юм байна. Сүүлийн 21 хоногийн хугацаанд шатахуун орж ирээгүйгээс шатахууны нөөц муудсан байна. Аи-92 бензин маргаашаас хэвийн олгогдож эхлэх бол дизель түлшний асуудлыг 3 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ гэж салбарын сайд мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд жолооч бүр саваа дүүргэж авч байгаагаас эрэлт 2 дахин нэмэгджээ. Мөн шатахуун түгээх станцууд авто бензин, шатахууныг бөөний үнээс хямдаар зарж байгаа тул цааш дамлан шаглах явдал их байгаа нь эрэлт нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Иймд өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй бол дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг хориглохоор боллоо.
Манай улсын дизель түлшний импорт 2022 онд 987.8 мянган тонн байсан бол энэ оны 11-р сарын байдлаар 1.2 сая тонн болж нэмэгджээ. Харин аи-92 бензиныг 2022 онд 626.4 мянган тонныг иппортолсон бол 11-р сарын байдлаар 636.7 мянган тонныг нийлүүлжээ. ОХУ-аас түлш шатахуун нийлүүлэлт хэвийн явагдаж байгааг салбарын сайд мэдээлсэн байна.