Ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан судлаачид иргэдийн сонгуулийн идэвх, сонгогчдын хандив, УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөн гэх мэт асуудлаарх дата мэдээллүүдийг нэгтгэж танилцууллаа. Иргэдийн сонгуулийн идэвх муу, УИХ-ын гишүүдэд ашиг сонирхлын зөрчил их байдгаас гадна иргэд, хуулийн этгээдийн зүгээс нэр дэвшигчдэд хандив өгөх үйл явцад олон зөрчил илэрсэн ч тэдгээрт хариуцлага хүлээлгэдэггүй байдал нь түгээмэл байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд зааснаар тухайн гишүүн болон гэр бүлийн гишүүд нь чуулганаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой эсхүл тус салбараас нь ашиг олж байгаа тохиолдолд хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй гэж заасан байдаг. Гэвч энэ нь бодит байдал дээр хэрэгжихгүй байгаа буюу гишүүд ашиг сонирхлын зөрчил гаргасаар байна. Тухайлбал, гадаад дотоод худалдааны салбарт нийт 44 гишүүн ашиг сонирхлын зөрчил гаргажээ.
Мөн хуульд зааснаар иргэд өөрсдийн үнэт зүйлд нийцсэн бодлого тодорхойлж чадна гэсэн нэр дэвшигчдэд хандив өгөх боломжтой байдаг. Тухайлбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт 5 тэрбум орчим төгрөгийн хандивыг иргэдээс цуглуулсан байгаа юм. Намаар нь ангилж харвал 4 тэрбум орчмын хандивыг нь МАН авсан байна.
Иргэд, хуулийн этгээд нэр дэвшигчдэд хандив өгч болох ч нэлээд олон зөрчил илэрсэн байгаа юм. Үүнд хариуцлага тооцоогүй. Тухайлбал, 15-17 насны 5 хүүхэд нэр дэвшигчдэд хандив өгсөн тохиолдол байгаа юм. Мөн сонгуулийн хандивыг зөвхөн тус чиглэлийн үйл ажиллагаандаа л зарцуулна гэсэн хуулийн заалттай ч тухайн нэр дэвшигчид зээлээ эргэн төлсөн гэх мэт сонгуулийн бус зардалд зарцуулсан тохиолдлууд гарчээ.
Энэ жил авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж, улс төрийн авлигыг 2030 он гэхэд дорвитой бууруулах, улс төрийн санхүүжилт, тайлагналт, хяналтын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, санал худалдан авахыг хориглох эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлснээрээ онцлог болж байна.