ОХУ-д шинэ жил, зул сарын баярын өмнө өндөгний үнэ өсөж, хомсдол үүсэх төлөвтэй байна

ОХУ-д инфляц болон Барууны хориг арга хэмжээний эсрэг тэмцэж  байгаа чухал үед өндөгний үнэ хоёр дахин нэмэгджээ. Энэ нь энгийн иргэд төдийгүй, оросын эрх баригчдыг түгшэхэд хүргэж байна.

Өндөг нь зул сарын баярын бэлгэдэл, гол бүртээгдэхүүн юм. Кремлийн эрх баригчид Брууны хориг арга хэмжээг амжилттай даван туулж, эдийн засаг нь өсөж, ашигтай ажиллаж байгаа талаар мэдээлсээр байгаа ч өнгөрсөн 11-р сард өндөгний үнэ ханш өмнөх оны дундаж өртгөөс 40 орчим хувиар өсөн нэмэгдсэн байна. Дотоодын зах зээлээ тогтворжуулахын тулд эрх баригчид энэ сарын эхээр өндөгний экспортыг хориглох шийдвэр гаргасан ч баярын мөчлөг таарсан тул эрэлт цаашид улам өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Эрэлт нэмэгдсэнээр ийм төрлийн бүтээгдэхүүний үнэ улам өсөж, хомсдол үүсэх эрсдэл бий болгож байгаа тухай Оросын дотоодын хэвлэлүүд мэдээлж байна.

Барууны хориг арга хэмжээний уршгаар Польш, Нидерланд, Турк зэрэг тэргүүлэгч өндөг экспортлогчдын бараа бүтээгдэхүүн Оросын хилээр нэвтрэх боломжгүй болсон юм. Харин ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид саяхан Турк улсын хууль тогтоогчидтой зөвшилцөлд хүрч, өндөг импортлохоор болсон байна.

Оросын иргэд өглөө эртлэн босож өндөг худалдан авахын тулд худалдааны төвийн гадаа дугаарлан зогсож байгаа ч нэг хүнд нэг сагс өндөг худалдаалж байгааг Өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэгвэл Оросын үйлдвэрлэгчид өндөгний үнэ өссөнийг импортын бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Мөн үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаагаас гадна шувууны томуу зэргээс үүдэн үйлдвэрлэлийн гарц буурсныг онцолжээ. ОХУ-д тахианы махны үнэ өнгөрсөн хугацаанд мөн 40 гаруй хувиар өссөн байна.