БНХАУ-ын хойд бүс нутагт эрс хүйтэрч зарим сургуулийн үйл ажиллагааг зогсоож, галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлажээ

БНХАУ-ын хойд бүс нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шууран, агаарын температур огцом буурсантай холбогдуулан бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаанд зогсоожээ. Мөн галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдэж, оршин суугчдыг гэрээс гарахгүй байхыг уриалсан байна. Энэ долоо хоногт Хятад улсын хойд бүс нутгийг хоёр дахь удаагийн хүйтэн агаарын урсгал дайрч, нөхцөл байдлыг богино хугацаанд хүндрүүлээд байна.

Нийслэл Бээжин болон хойд бүс нутгийн хэд хэдэн томоохон хотын эрх баригчид хүйтэн агаарын урсгал пүрэв гарагт оргилдоо хүрэхийг анхааруулж, цасан шуурганы сэрэмжлүүлгийг оршин суугчдад хүргүүлсэн байна. Бараг 22 сая хүн амтай Бээжин хот орчимд "Удаан хугацаанд үргэлжлэн" цас орох төлөвтэй байгаа тул эхлээд сургуулиудыг хааж, галт тэрэг, метроны хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн хичээлийг цахимаар явуулж байгаа бол оршин суугчдыг гэрээсээ ажиллахыг хууль тогтоогчид уриалсан байна. Мөн аж ахуйн нэгжүүд цаг агаарын хүндэтгэх шалтгааныг харгалзан үзэж ажилтнуудаа ажил үүргээ гүйцэтгэх уян хатан нөхцөл, оломжоор хангах чиглэл өгсөн байна.

Мөн Хятад улсын хууль тогтоогчид Хойд болон Баруун бүс нутгийн жуулчдын ихээр зорчдог байгалийн үзэсгэлэнт газрууд, амралтын газруудын үйл ажиллагааг зогсоох чиглэл өгчээ.

Шанхай, Ханжоу, Ухань зэрэг худалдааны томоохон хотуудын төмөр замын зарим шугамын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Харин Бээжин тэргүүтэй томоохон хотуудын нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагааг саатуулахгүй ажиллуулах гэж оролдож байгаа ч нөхцөл байдал хэрхэхээс хамаарч шийдвэр өөрчлөгдөж болзошгүйг анхааруулжээ.

БНХАУ-ын хойд бүс нутгийн хот, тосгодод 12-р сарын агаарын дундаж температур хасах 8 орчим байдаг бол өдгөө хасах хорийг давсан тухай цаг уурын байгууллагаас мэдээлжээ. Түүнчлэн Өмнөд бүс нутгийн Шанхай зэрэг далайн дулаахан чийглэг уур амьсгалтай хотод агаарын температур -8 орчим градус байгаа нь цаг агаар эрс хүйтэрснийг илтгэж байна. Бээжин хотод ойрын өдрүүдэд ойролцоогоор 32 мянган тонн цас хайлуулах бодис цацах төлөвтэй байна. Тус хотын цэвэрлэгээ үйлчилгээний 73 мянга гаруй ажилтан амралтгүй ажиллаж байгаагийн сацуу цас цэвэрлэгээний ажилд сайн дурынхныг элсүүлж эхэлжээ.