Өнөөдөр парламентч эмэгтэйчүүдийн 2-р чуулган боллоо. Анхдугаар чуулганаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжсэн олон улсын эрх зүйн орчин, Монгол улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хэлэлцэж тунхаг бичиг гаргаж байсан. Тэгвэл хоёр дахь удаагийн чуулганаар эмэгтэй парламентчдын анхдугаар чуулганаас гарсан тунхаг бичигийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулах асуудлыг хэлэлцсэн байна.
Парламентч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг зохион байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд УИХ үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан. Тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, аль нэг хүйсийн нэр дэвшигчдийн төлөөллийг 2024 онд 30-аас доошгүй, 2028 онд 40-өөс доошгүй хувь байх, 1 харьцах 1 хүйсийн харьцааг байхаар тусгасан. Ингэснээр улс төрд сонгогдох эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлөл гарна гэж үзсэн юм. Энэхүү хуулийн төсөл нь жендерийн эрх тэгш байдлыг хангахад чухал үүрэг нөлөө үзүүлж байгаа ч аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг шинэчлэх амлалтдаа хүрч чадаагүй байгаа гэдгийг эмэгтэйчүүдийн төлөөлөл хэллээ.
Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр авлига буурах, нийгмийн тулгамдсан олон асуудлууд хурдан хугацаанд шийдвэрлэгдэх зэрэг давуу талууд үүсдэг байна.
Авлигагүй, нээлттэй ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн бодит оролцоог хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэдгийг парламентч эмэгтэйчүүдийг төлөөлөл онцолж байлаа.