Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр 2026 онд ашиглалтад орно

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр болон ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил үргэлжилж байна. Эдгээр үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулснаар нийслэлийн иргэдийг цэвэр усаар хангах боломжтой болох юм. Мөн ДЦС-уудын хэрэглээний ус болон өөр бусад аж үйлдвэрийн цэвэр ундны усны замбараагүй хэрэглээг гамнаж, дахин боловсруулсан хаягдал усаар орлуулах боломжтой болох юм байна.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор ундны усын гол эх үүсвэр болох Туул голын бохирдлыг арилгах мөн ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн хэрэглээний усыг дахин боловсруулсан усаар орлуулах боломжтой болох юм. Эдгээр станцууд нь Улаанбаатар хотын ундны усны хэрэлээний 34 орчим хувийг ашигладаг юм.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орвол нийслэлчүүдийг 30-40 жилийн хугацаанд ундны цэвэр усаар хангах боломж бүрдэх юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 27 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажил нь МУ-ын Засгийн газар болон АНУ-ын мянганы соритын корпорацын санхүүлжилтэй байгаа юм.

Ийнхүү АНУ-ын мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол улсын Засгийн газрын 111 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилтээр хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр болон ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.