АНУ-ын баруун хэсэгт орших Колорадо мужийн Дээд шүүх Доналд Трампыг ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй гэж үзжээ. Мягмар гарагт Колорадо мужийн Дээд шүүхээс Доналд Трампыг 2021 онд дэмжигчдээ үндсэн хуулийн эсрэг бослого тэмцэлд уриалсан учраас нэр дэвших эрхгүй гэж шийдвэрлэжээ.
Мужийн шүүх бүрэлдэхүүн энэ шийдвэрээ АНУ-ын Үндсэн хуульд үндэслэсэн бөгөөд "Бослого, тэмцэлд уриалсан" аливаа хувь хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой байна. Улмаар Д.Трампыг 2024 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхгүй болсныг мужийн шүүхийн тогтоолд өгүүлсэн байна. Бусад муж улсуудад Дональд Трампыг сонгуулийн өрсөлдөөнөөс хасах хэд хэдэн оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн юм. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Д.Трампын сонгуулийн кампанит ажлын төлөөлөгч уг шийдвэрийг бүхэлдээ алдаа гэж нэрлээд, Ардчилсан намын харьяалалтай амбан захирагч нарын томилсон шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг хурцаар шүүмжилсэн байна. Дональд Трампын хуулийн баг ойрын хугацаанд АНУ-ын Дээд шүүхэд давж заалдах гомдол гаргахаа мэдэгджээ.
Харин Колорадо мужийн Дээд шүүхийн шийдвэр ирэх сард давж заалдах шатны шүүх хурал болох хүртэл хүчингүй гэж тооцох ёстой байна. Д.Трамп бол ирэх онд Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гол албан тушаалтан юм.