Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украин, АНУ, Европын Холбооны хууль тогтоогчид хүсвэл дайны ирээдүйн талаар ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч Москва өөрийн үндэсний ашиг сонирхлоо хамгаалахыг онцолжээ. В.Путин 2022 онд Украин руу цэргээ илгээх шийдвэр гаргасан бөгөөд энхийн хэлэлцээ байгуулахад бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа ч Барууны холбоотнууд түүнийг жинхэнэ хүчин чармайлт гаргаж байгаа гэдэгт эргэлзэж байгаа юм.
Үнэн хэрэгтээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украин дахь түрэмгийллээ эцэслэх бодолгүй байгаа төдийгүй ирэх онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм. Өнгөрөгч Мягмар гарагт В.Путин ОХУ-ын Батлан хамгаалах салбарын удирдлагуудтай уулзах үеэрээ "Украинд, АНУ-д, Европ тивд бидний эсрэг зогсож буй хүмүүс хэлэлцээ хийхийг хүсэж байна уу?, үүнд бид бэлэн байна. Гэхдээ бид үндэсний ашиг сонирхолдоо тулгуурлан үүнийг хийх болно. Бид өөрийн ашиг сонирхлыг хамгаална. Гэхдээ ОХУ АНУ, Европтой тулалдах бодолгүй байна” хэмээн хэлсэн байна. 1991 онд ЗХУ задран унасны дараа Украины газар нутгийн нэг хэсэг гэж олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн газар нутгийн 17 орчим хувьд ОХУ-ын Зэвсэгт хүчин хяналтаа тогтоогоод байгаа юм. Мөн ОХУ 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн төдийгүй өнгөрсөн жил Украины дөрвөн ч бүс нутгийг тус улсын цэргийн алба хаагчид хэсэгчлэн эрхшээлдээ оруулжээ. Тэгвэл Украины эрх баригчид Оросын сүүлийн цэрэг нутаг дэвсгэрийг нь орхин гарах хүртэл тэмцэх болно гэдгээ хэдийн мэдэгдээд байна.
Мягмар гарагт В.Путин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга, Генерал Валерий Герасимов, Холбооны Аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников нар оролцсон Батлан хамгаалах яамны хуралдаанд оролцсон байна. Хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 2022 оны 2-р сараас хойш танкны үйлдвэрлэл 5.6 дахин, дроны үйлдвэрлэл 16 дахин, их бууны сум үйлдвэрлэлийн хэмжээ 17 дахин нэмэгдсэн тухай мэдээлжээ. Мөн тэрээр 2023 онд 490 мянга орчим гэрээт болон сайн дурын цэргийг армидаа элсүүлсэн бөгөөд ирэх жил ОХУ гэрээт цэрэгт элсэх залуусын тоог 745 мянга болгон нэмэгдүүлэхээ онцолжээ.