Нүүрсний хэргийг хянан шалгах сонсголын 3 дахь өдрөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд нийт 18 гэрчийг дуудсан байна. Сонсголын эхний үед “Тавантолгой түлш” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төсвийн шинжтэй санхүүжилтийн талаарх шинжээчийн дүгнэлтийг сонссон. Дүгнэлтээр тус компани нь төлөвлөгөөнд тусгаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу, төлөөлөн удирдах зөвлөлийн цалин урамшууллын зардалд 1.1 тэрбум төгрөгийг  зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрчээ.

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 39 хувийг эрчим хүчний яам, 10 хувийг төрийн өмчит бодлого зохицуулалтын газар эзэмшдэг байна. “Тавантолгой түлш” ХХК нь 2023 оны гуравдугаар улирлын байдлаарх санхүүгийн тайлангаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байгааг шинжээч танилцуулсан. Мөн харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй, зэрэг санхүүгийн зөрчил их байгаа нь компани алдагдалтай ажиллахад голлох нөлөөллийг үзүүлсэн гэж дүгнэгдлээ. Мөн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан учир сайн ажилласан гэж өөрсдийгөө дүгнэсэн учир төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор шагнал урамшууллыг төсөвлөжээ. Ингэхдээ  “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн гишүүд болох Ж.Батбаясгалан, Л.Одхүү, О.Пүрэвхүү, Батсайхан, нарын 29 хүнд цалин урамшууллын зардалд гэж 1.1 тэрбум төгрөгийг  зарцуулжээ,

Мөн тус компанийн худалдан авах үйл ажиллагааны төлбөр тооцоо хувийн дансаар нь дамжиж тооцоо хийгддэг төдийгүй нягтлан бодогч Б.Амарцэцэг нь  нөхөр Ууганбаярын данс руу  57.6 сая төгрөг шилжүүлсэн зөрөг зөрчлүүд илэрчээ.

Мөн шинжээчийн дүгнэлтээр шахмал түлшний худалдан авалтыг төрийн нууцад хамруулсан, барьцалдуулагч бодисын оронд ашиглах байсан актлах 160 тонн буюу 129 сая гаруй төгрөгийн гурил, ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий “CBM” хангай компани 19.6 тэрбум төгрөгийн шуудай нийлүүлсэн зэрэг томоохон зөрчлүүд илэрсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо.