Цахилгааны шалбархай утас, гэмтсэн гэрэл зэрэг нь гацуур модонд ойр байснаар халалт үүсгэж гал гарч болзошгүй

2023 он гарснаас хойш энэ өнөөдрийг хүртэлх хугацаанд Онцгой Байдлын Ерөнхий газарт 2800 гаруй ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Сүүлийн 4 хоногт л гэхэд гацуур шатаж угаартсан, хүний амь эрсэдсэн 2 удаагийн тохиолдол гараад байгаа юм. Ахуйн гал түймэр, гацуур мод шатаж байгаа тохиолдол нь цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс үүддэг учир айл өрх бүр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Үзэгч таны харж байгаа энэ зэрэг одоогоос 8 жилийн өмнө буюу 2015 онд АНУ-ын үндэсний гал түймэртэй тэмцэх холбооноос иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхээр зориулалтын талбайд туршилт хийн нийтэлж байжээ. Учир нь жил бүрийн 12-р сард гацуур мод шатах тохиолдол нэмэгддэг байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд өөрөөсөө гэрэлтэй гацуур модыг давхар гэрлээр чимэглэж удаан хугацаанд асаалттай орхих, олон жил болсон шалбархай утастай гэрлийг дахин ашиглах, нэг дор олон залгуур залгаж ачаалал үүсгэх зэрэг нь гал алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчид танхимаар хичээллэхгүй байгаа энэ өдрүүдэд эцэг, эх асран хамгаалагчид илүү сонор сэрэмжтэй байж цахилгааны утасны шалбархай, халалт үүсэж байгаа эсэхийг сайтар шалгахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.