Үнийн өсөлтөөс илүү өрхийн орлого давсан үзүүлэлттэй байна

2023 онд эдийн засгийн макро үзүүлэлтүүд сайжирсан. Үүнд голлон нөлөөлж байгаа хүчин зүйл нь нүүрсний экспорт. Энэ жилийн тухайд нүүрсний экспорт төсөөлсөн хэмжээнээс давж биелсэнтэй холбоотойгоор төсвийн орлого давж, тодотгол хийж өнгөрсөн 7-р сарын 1-ний өдөр цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ нь тодорхой хэмжээгээр инфляц буюу бараа, үйлчилгээний үнэд нөлөөлсөн ч мөнгөний бодлогын зохицуулалтаар эргэн тус өсөлтийг бууруулсан байна. Гэхдээ ирэх онд нүүрсний экспорт төсөөлсөн хэмжээндээ хүрэхгүй байх цаашлаад гадаад өрийн эрсдэл зэрэг асуудал хэвээр үргэлжлэхээр байгааг эдийн засагчид сануулсаар байна.

2008 оноос хойш буюу сүүлийн 16 жилийн хугацаанд манай улсын урсгал данс алдагдалтай явж ирсэн. Тэгвэл 2023 онд урсгал данс ашигтай гарсан эерэг үзүүлэлт байна. Мөн валютын нөөц, гадаад худалдаа зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан байгаа юм.

Ийнхүү энэ онд ерөнхийдөө макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан байгаа юм. Энэ өсөлтөд голлон нөлөөлсөн зүйл нь нүүрсний экспортын орлого. Тэгвэл ирэх онд нүүрсний экспортын орлого хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн хүлээлт үүсээд байна. Шинжээчдийн дүгнэлтээр 2024 онд нүүрсний үнэ буурах хандлагатай байгаа ч төсөөлсөн 70 сая тонндоо хүрч чадвал эдийн засгийн таатай одоогийн нөхцөл байдал үргэлжлэхээр байгааг Монголбанкны зүгээс тайлбарлаж байна. Гэхдээ нүүрс энэ дүндээ хүрч чадахгүйгээр 10 сая тонн дутлаа гэхэд л 1 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээнэ гэсэн үг юм.

Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар өрхийн орлого хасах үзүүлэлттэй байсан юм. Гэхдээ төсвийн тодотголоор өнгөрсөн 7-р сарын 1-ээс цалин, тэтгэвэр нэмснээр өрхийн орлого 42 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Үүнээс харвал үнийн өсөлтөөсөө илүү өрхийн орлого давсан байна гэдгийг холбогдох байгууллагууд танилцуулж байна. Гэхдээ төсвийн тодотгол хийж цалин тэтгэвэр нэмэх, бэлэн мөнгө тараах зэрэг нь инфляцыг өдөөгч хүчин зүйлс болдог. Тиймээс ч энэ оны эхний хагас жилээр төсвөө тодотгон цалин тэтгэвэр нэмсэн нь 8 сард инфляцыг буцаад өсөхөд нөлөөлжээ. Мөн гадаад өрийн эрсдэлүүд ч хэвээр байсаар байна.

2024 оны төсвийн орлогыг өндрөөр төсөөлж, тэлж баталсан. Үүн дотроо цалин тэтгэвэр, нийгмийн халамжид ихээхэн мөнгө зарцуулахаар байгаа юм. Энэ нь эргээд инфляцыг өдөөх магадлалтай. Тиймээс мөнгөний бодлогын хатуу төлөвийг цаашид ч үргэлжлүүлэх шаардлагатай байна. Мөн ирэх онд газрын тос, улаанбуудайн үнийн өсөлт зэрэг гадаад нөхцөл байдал тогтворгүй байх зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал хэвээр байгаа юм.