Өнгөрөгч мягмар гарагт АНУ-ын Колорадо мужийн Дээд шүүх Ерөнхийлөгч асан Доналд Трампыг ирэх онд болох төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх эрхийн төлөөх нам доторх санал хураалтад оролцох эрхгүй гэж үзсэн юм. Тэрээр ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ хуулийн хүрээнд хязгаарлуулаад байна.
Урьд өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч, төрийн тэргүүнд өргөмжлөгдөж байсан хэнд ч ийм төрлийн сорилт учирч байгаагүй юм. Энэ нь АНУ-ын улс төр, шүүхийн тогтолцооны хоорондын зааг ялгааг улам бүр бүдгэрүүлж, сонгуулийн кампанит ажил болон шүүхийн хооронд шинэ мөргөлдөөн үүсгэсэн шийдвэр болжээ. Гэхдээ Доналд Трампт учирч байгаа хууль эрх зүйн сорилтууд нь эргээд түүний хувьд давуу тал бий болгож байна гэж шинжээчид үзэж байна. Колорадо мужийн Дээд шүүхийн шийдвэрийг Доналд Трампын хуулийн баг давж заалдахаа мэдэгдэж, ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа уламжилжээ. Доналд Трампыг 2021 онд дэмжигчдээ бослогод уриалж, үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаанд иргэдийг турхирсан гэж буруутгаад байгаа юм.
Гэхдээ Колорадо мужийн Дээд шүүхийн шийдвэрт АНУ-ын иргэд сэтгэл дундуур байгаа нь санал асуулгын дүнгээс харагдаж байгаа юм. Ройтерс агентлагийн явуулсан санал асуулгад оролцогсдын 70 орчим хувь нь сонгуульд нэр дэвшигчийн статусыг муж улсын шүүх бүрэлдэхүүн тогтоож, олгож, эрхийг нь хасах нь байж болохгүй зүйл бөгөөд энэ нь ардчилсан дэг журмыг эвдэнэ гэдэгт санал нэгдсэн байна. Үүнээс гадна Ардчилсан намын засагладаг муж улсуудын хуулийн байгууллага зөвхөн Доналд Трампыг онилон хэрэг үүсгэж, яллах оролдлого хийж байгаа нь сонгогчдын дургүйцлийг төрүүлж байна гэж Өрнөдийн хэвлэлүүд бичиж байна. Өрсөлдөгчөө хуулийн хүрээнд намнах, жижиг алдааг ч гэсэн эрж хайх технологи нь ардчилсан тогтолцоо биш гэж нэгдсэн улсын иргэд хэвлэлд ярьжээ. Мөн сонгуульд нэр дэвшигчийг авч үлдэх, сонгох, итгэл хүлээлгэх гэсэн иргэдийн сонгох эрхэнд халдаж байгааг хуульчид буруутгаж байна. Тэгвэл эдгээр ээдрээтэй асуудлууд нь эргээд Доналд Трампын нэр хүндийг өсгөж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.