ДЭМБ-аас “Ковид-19”-ийн дэд хувилбарын тархалт өндөр байгааг анхаарууллаа

ДЭМБ-аас “Ковид-19”-цар тахлын омикрон омгийн дэд хувилбарын тархалт өндөр байгаа тул сонор сэрэмжээ бууруулахгүй байхыг олон нийтэд анхааруулжээ. “JN.1” хэмээх дэд хувилбар нь Энэтхэг, Хятад, Их Британи, АНУ зэрэг дэлхийн олон оронд бүртгэгдээд байна.

Уг дэд хувилбарын олон нийтэд үзүүлэх эрсдэлийн түвшин бага төдийгүй одоогоор хэрэглэж байгаа вакцинууд үр дүнтэй хамгаалж байгаа гэдгийг тус байгууллагын мэргэжилтнүүд мэдэгджээ. Гэхдээ хүйтний улирал үргэлжилж байгаа тул “Ковид-19” болон бусад амьсгалын замын халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан байна.

Сүүлийн үед дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томуу, амьсгалын замын синцитиал вирус, хүүхдийн уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын вирусийн тархалт мөн нэмэгдэж байгаа юм байна. “Ковид-19”-ийн халдварыг үүсгэдэг вирус нь цаг хугацааны явцад байнга хувиран өөрчлөгдөж байдаг төдийгүй шинэ хувилбарууд мутацид орсноор эрсдэлийг улам нэмэгдүүлдгийг илтгэж байна.

“Ковид-19”-ийн Omicron хувилбар нь хэсэг хугацаанд дэлхий даяар давамгайлан тархсан хувилбар байсан. Харин одоо ДЭМБ-аас хэд хэдэн хувилбаруудыг тэр дундаа JN.1 дэд хувилбарыг идэвхтэй судалж эхэлжээ. Энэ дэд хувилбар дэлхийн өнцөг булан бүрд хурдацтай тархаж байна.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр тус улсад бүртгэгдэж байгаа амьсгалын замын халдварт өвчний 30 орчим хувийг уг вирусийн халдвар эзэлж байгаа юм байна.

Тиймээс, вирусийн халдвар, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт амны хаалт зүүх, ханиалгах, найтаахдаа амаа дарах, гараа тогтмол угааж, ариутгах, томуу болон “Ковид-19”-ийн халдварын вакцинд хамрагдах, дархлаагаа дэмжих хэрэгтэй гэж ДЭМБ-аас зөвлөмж хүргүүлжээ.