Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах 2 дахь шатны сонсгол 4 дэх өдрөө үргэлжилж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалсан бөгөөд нийт 68 гэрч дуудсан байна. Сонсголын эхэнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, “Бодь интернэшнл” ХХК-ийн санхүүжилтийн талаар сонссон юм. Шинжээчийн танилцуулснаар “Бодь интернэшнл” ХХК-д нүүрсний хөнгөлөлт үзүүлснээс шалтгаалж “Эрдэнэс Тавантолгой” компани 4.5 сая америк доллар олох боломжоо алджээ.
Богдхан төмөр зам нь рашаант болон Мааньт өртөөг хооронд нь холбосон нийт 144 км гол замын урттай 1.4 тэрбум сая америк долларын санхүүжилт шаардлагатай төсөл юм. Богдхан төмөр зам төслийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь Интернэшнл” компани нь гэрээ байгуулсан байна. Ингэхдээ хамгийн багадаа таван жил түүнээс дээш хугацаагаар үргэлжлэхээр заажээ. Гэрээний төлбөрт мөнгөөр 43 тэрбум төгрөг, нүүрсээр 88.2 тэрбум төгрөг өгч, нийт 131.2 тэрбум төгрөгийг төлсөн байна. Гэрээний дагуу 2022 онд 61 сая гаруй америк долларын нүүрс нийлүүлэх ёстойгоос 26 сая америк долларын нүүрс нийлүүлсэн байна. Харин 2023 оноос хойш 673 сая америк долларын нүүрс нийлүүлэгдэх байсан ч энэ онд нүүрс нийлүүлэгдээгүй байна.
Нүүрсний хөнгөлөлт үзүүлснээс шалтгаалж “Бодь Интерншнл” ХХК нь одоогийн байдлаар 26 сая америк долларын нүүрсийг борлуулжээ. Хэрэв нүүрсний хөнгөлөлт үзүүлэхгүйгээр гэрээтэй ижил үнээр байгуулж нийлүүлсэн бол 30.3 сая америк доллароор борлуулах байсан. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 4.5 сая америк доллар олох боломжийг алдсан байна.