Өнгөрөгч Пүрэв гарагт Америк, Хятад хоёр улсын Батлан Хамгаалах салбарын өндөр дээд албан тушаалтнууд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд анх удаа цахимаар уулзалт хийжээ
Өнгөрөгч Пүрэв гарагт Америк, Хятад хоёр улсын Батлан Хамгаалах салбарын өндөр дээд албан тушаалтнууд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд анх удаа цахимаар уулзалт хийжээ. Уг идэвх санаачилга нь хоёр улсын цэрэг армийн харилцаа холбоог сэргээхэд хүргэнэ гэж АНУ-ын эрх баригчид найдаж байгаагаа хэвлэлд ярьсан байна.

Өнгөрсөн оны 8-р сард Ану-ын тухайн үеийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны дараа хоёр улсын Батлан Хамгаалах салбарын харилцаа холбоо бараг л тасарсан гэж үзэж байсан юм. Харин өнгөрсөн сард Жо Байден, Ши Жиньпин нар дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ цэрэг армийн харилцаагаа сэргээх тохиролцоонд хүрсний дараа дээрх виртуал уулзалт болжээ.

Тэгвэл АНУ-ын агаарын цэргийн хүчний жанжин штабын нэгдсэн хорооны дарга Чарльз К.Браун, Хятадын ардын чөлөөлөх армийн генерал Лю Жэнли нар "Дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдлын хэд хэдэн асуудлыг" хөндсөн яриа хэлцэл өрнүүлсэн гэж пентагоны мэдэгдэлд дурджээ. Лю Жэнли нь Хятад улсын байлдааны ажиллагаа, төлөвлөлтийг хариуцдаг цэргийн байгууллага болох цэргийн төв зөвлөлийн нэгдсэн штабын дарга юм. Хоёр улсын цэрэг армийн салбарын өндөр дээд албан тушаалтнууд буруу тооцооллын уршгаар бүс нутагт мөргөлдөөн үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой виртуал уулзалтыг хийснийг пентагоны мэдэгдэлд дурджээ. Генерал Браун өрсөлдөөнийг хариуцлагатай удирдах, буруу тооцоолол гаргахгүй байх, харилцаа холбооны нээлттэй шугамыг хадгалах нь чухал бөгөөд ардын чөлөөлөх арми үл ойлголцох магадлалыг бууруулахын тулд бодитой яриа хэлэлцээ хийх нь чухал гэдгийг Бээжингийн талд анхааруулжээ. Харин БНХАУ-ын Батлан Хамгаалах яамны мэдэгдэлд уулзалтын талаар хийсэн тайлбар өгүүлснээр “Америк, Хятад хоёр улс цэрэг армийн эрүүл, тогтвортой харилцааг хөгжүүлэх гол түлхүүр нь "Хятадын талаар зөв ойлголттой байх явдал юм" гэдгийг онцлон тэмдэглэжээ.