Энэ онд нэг өрх шинэ жилийн баярт ойролцоогоор 150.000 орчим төгрөг зарцуулах тооцооллыг ҮСХ-оос гаргажээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Тодруулбал, 2020 онд ойролцоогоор 99.000 төгрөг, 2022 онд 135.000 төгрөгийг иргэд баярын ширээ засахдаа зарцуулж байсан юм.
Харин 2020 оны 3-р улиралд нэг өрхийн сарын дундаж орлого 1.510.000 төгрөг байсан юм. Тэгвэл энэ оны 3-р улирлын байдлаар 2.290.000 төгрөг болж өсжээ.
Үүнээс харвал энэ онд баярын ширээ засахад зарлагдах төсвийг нэг өрхийн дундаж орлогын өсөлттэй харьцуулж харахад өндөр байна. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний өсөлт нь иргэдийн орлогоос давж өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм.
Үргэлжлүүлэн шинэ жилийн баярын ширээний голлох хэд хэдэн бүтээгдэхүүний үнийг дэлгэрүүлэн харуулъя. 8 инчийн буюу дундаж хэмжээтэй баярын бялуу 2020 онд 24.000 орчим төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ онд 32.000 орчим төгрөг болж өсжээ. Мөн баярын ширээний голлох бүтээгдэхүүн болох оргилуун дарс 2020 онд 8000 төгрөгөөс дээш үнэтэй байсан бол энэ онд хамгийн багадаа 9000 төгрөгөөс дээш үнэтэй байгаа юм. Мөн жимс тэр дундаа мандарины үнийг 2020 онтой харьцуулахад 50 орчим хувиар өсжээ. Үүнээс гадна баярын зуушны орц найрлагад голлон ордог төмс, сонгино, өндөг, хиамны үнэ 30-60 орчим хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн дундаж орлого 2.2 сая төгрөгт хүрсэн гэж байгаа боловч иргэд татвар, НДШ-ээ төлөөд гар дээрээ авч байгаа цалин нь нэг сая гаруй төгрөг болж байгаа юм. Гар дээр ирсэн цалингийн үлдэгдлээс зээлээ төлөх, ахуйн хэрэглээгээ хангах зэрэгт зарцуулаад багахан мөнгө үлддэг тул түүндээ тааруулан шинэ жилийн баяраа тэмдэглэхээр төлөвлөж байгаа талаараа иргэд ярьсан байна.