Украины олон сая үнэн алдартны шашинтнууд энэ жил анх удаа зул сарын баярыг 12-р сарын 25-ны өдөр тэмдэглэж байна. Өмнө нь Украины иргэд Оросын нэгэн адил Юлийн тооллын дагуу 1-р сарын 7-ны өдөр зул сарын баярыг тэмдэглэдэг байжээ.
Гэвч 2022 онд дайн эхэлсний дараа Украины хууль тогтоогчид ОХУ-тай холбоотой хэл, соёл болон бусад түүхэн хэлхээ холбоогоо үгүйсгэж эхэлсэн юм. Улмаар Украинчууд энэ жилийн зул сарын баярыг бусад Өрнөдийн улсуудын адил Григорийн он тооллын дагуу тэмдэглэж байна.
Өнгөрөгч 7-р сард Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан бөгөөд ингэснээрээ Украинчууд тогтсон уламжлалаасаа татгалзах эрхтэй болсон юм.
Өнгөрөгч ням гарагт Володимир Зеленський Христийн мэндэлсэн өдрийг нэг улс, нэг үндэстэн халуун ам бүлээрээ, нэгдмэл байдлаар тэмдэглэж байгаа гэдгээ цохон тэмдэглэжээ.
Тэгвэл Украины Үнэн алдартны сүмийн зүгээс зул сарын баярыг хүссэн өдрөө эсвэл хоёр өдөр тэмдэглэн өнгөрүүлэх нь сүсэгтнүүдийн эрх гэдгийг уламжилсан байна.
Гэхдээ Украины ард иргэд зул сарын баярыг 12-р сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж, лаа асааж, залбирал үйлдэн, гацуур модоо чимэглэснийг хэвлэлүүд мэдээлжээ.